2024/12/09
USD ₮
УБ 9°C
Бизнес
ДЭЛХИЙД ЗАРТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БИЛЛ ТАЙ
Б.Энхрийшагай     2021-05-28 12:19     1229

Ирээдүйтэй гэж үзсэн стартапуудад хөрөнгө оруулж, өөрийн нэр хүндээрээ дамжуулан, тухайн компанийнхаа зах зээлийн үнэлгээг нь нэмэгдүүлж, өсгөж өгөөд, энэ хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртдэг хүнийг “venture capitalist” гэж нэрлэдэг. Тэгвэл Twitter, Canva, Uber, YouTube, Zoom зэрэг технологийн бизнесүүдэд анхлан хөрөнгө оруулсан “venture capitalist” Билл Тай гэх эрхэмийг танилцуулж байна.

photo

Түүний хөрөнгө оруулсан Австралийн Canva компани нь улсынхаа хамгийн анхны “ганц эвэрт” буюу 1 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрсэн анхны стартап болсон түүх бий. Билл Тай АНУ-ын Иллиной мужийн Их сургуульд компьютерийн чип зохион бүтээгч мэргэжил эзэмшиж, хожим Харвардад MBA зэрэг авчээ. Иллинойн Их сургуульд технологийн салбарын үүсэл хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон багш байсан нь түүний технологийн салбарт дурлах шалтгаан болсон гэж ярьж байжээ.

photo

Тэрээр 1991 оноос хойш вэб сервис, харилцаа холбооны системүүд, мөн технологийн чиглэлээр ажиллаж эхэлсэн байна. Ингээд 2005 оноос технологийн салбарын дэлхийн шилдгүүдийн дунд толгой цохиж, тухайн жилд Forbes сэтгүүлээс зарласан “Технологийн салбарын шилдэг 100 мэргэжилтэн” жагсаалтад бичигждээ. Бизнесээ анх 1990-ээд оны дунд үеэс Хятадын зах зээлд идэвхтэй ажиллан эхлүүлж, олон нийтэд анхлан хувьцаа гаргасан  гар утасны стартапуудын нэг болох IMCo компанийн ТУЗ-д багтсан байна. Өдгөө түүний нийт хөрөнгийн хэмжээ 10 сая ам.доллар хол давжээ.

photo

Дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа ирээдүйтэй бизнесийг таньж чаддагаараа дэлхийд алдаршсан Билл Тай нь анхдагч байх дуртай хүн юм. Тэрээр шинэ бизнест хөрөнгө оруулахаас гадна далайн давалгаа болон цасан дээр шүхэртэй гулгах спортын хорхойтон бөгөөд хобби, хүсэл сонирхлоо бизнестэйгээ уялдуулж чаджээ. Билл Тай шиг дэлхийд данстай хөрөнгө оруулагчидтай ажиллах, бизнес эхлүүлэхэд стартап компаниудын хамгийн сайн суралцсан байх ёстой чадвар бол цахим шуудангаар харилцах гэж үздэг.

photo

Тухайлахад Билл Zoom компанитай 2012 оноос цахим шуудангаар харилцаж эхэлсэн байна. Захидлаар харилцаж эхлэхдээ л тэрээр ямар ч компанид дараах ур чадвар байгаа эсэхийг нягталдаг гэнэ. Үүнд:

  • Компанийн CEO болон түүний бүрдүүлсэн баг. Билл Тай хамгийн чухал зүйл бол өндөр чадвартай, чанартай баг, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн гэж үздэг. Таныг зүгээр нэг сайн баг биш гайхамшигтай баг бүрдүүлэхийг Билл Тай шаарддаг.
  • Том зах зээлд тоглохоор сонгосон байх. Билл Тай 2012 онд Zoom -тэй ажиллаж эхлэхдээ тухайн зах зээлийн дэлхийн жилийн ашиг орлогыг авч үзжээ. Хөрөнгө оруулах тухайн зах зээл нь шинэ компанийг багтаах, цаашлаад чөлөөтэй өсч хөгжихүйц том эсэхийг харгалзаж үздэг.
  • Салбартаа тэсрэлт хийх зорилготой, өрсөлдөөнөөс айдаггүй байх. 2012 онд дуу, дүрст цахим хурлын технологийн зах зээлд Cisco, Microsoft гэх томоохон тоглогчид аль хэдийн байр сууриа эзэлж, буйраа зассан байсан ч Zoom энэ технологийг үүлэн системд, цаашлаад хөдөлгөөнт төхөөрөмжинд шилжүүлж, тэсрэлт хийхээр тооцсон байжээ. Хэрвээ тухайн салбартаа тэсрэлт хийж чадвал, салбарынхаа манлайлагч болж цойлж болдог.
  • Өөртөө итгэлтэй, хэрэглэгчдийг ятган үнэмшүүлэх потенциалтай байх. Бизнесийн эхний шатанд ирээдүй бүрхэг харагдах, санхүүгийн тооцоолол хийхэд хасах дүнтэй ч гарах магадлалтай. Гэхдээ хөрөнгөжихөд тухайн компанийн бизнесдээ итгэлтэй байх чанар чухал. Билл Тай -н хувь хүнийх нь хувьд ч хөрөнгө оруулах, компаниа босгох, спортоор хичээллэхэд ч өөртөө итгэлтэй байх ихэд эерэгээр нөлөөлсөн гэжээ.

photo

Хэдийгээр та Билл Тай -аас бизнестээ хөрөнгө татахгүй байж болох ч түүний философоос суралцах зүйл олон бий. Далайн мандалд гулгах экстрем спортод дурлагчийн хувьд тэрээр “Далайг зөөлөн давалгаал гэж хэлж чадахгүй, харин бид тэрхүү давалгааг нь эзэмшиж гулгаж л чадна” гэдэг. Болох зүйл болдгоороо л болох бөгөөд амжилт гаргахыг ч, бизнесээ ашиг орлого их олохыг ч хүчлэх боломжгүй. Харин бидний амжилтын төлөө хийж чадах зүйл бол бидний талд ашигтай цаг мөч тулж ирэхэд л тухайн мөчийг ашиглаж хөдлөх юм.  

“Оролдоод үзвэл бүх зүйл бүтнэ

Тэрээр бүх хүн дэлхийн хамгийн амжилттай бизнес эрхлэгчидтэй адилхан ухаантай гэж үздэг. Ийм ч учраас залуучуудаас зорилгынхоо төлөө яваад унасныхаа дараа хэр хурдан босч зогсч байгааг нь байнга хардаг байна.

Өөрөөсөө илүү хүмүүстэй хамт бай

Өөрийнхөө хүрээллийг үргэлж ялагчид, амжилттай хүмүүсээр бий болго. Тийм хүмүүс чамайг тухтай бүсээсээ гарч шинэ зүйлийг туршиж хийхэд чинь түлхэц болдог. Мөн хийж байгаа бүх зүйлдээ өөрийгөө 100% зориулж, нийцүүл. Ийм хүнийг хэн ч мартдаггүй.

Хөхрөлт, няцралт, хугаралт, гэмтэл бол аяллын нэг хэсэг 

Эрсдэл ихтэй спортын хорхойтон болоод ч тэр үү Билл аливаа бүтэлгүйтлээ амжилт олсон мэт л хүлээн авдаг. Ямар ч хүнд хэцүү өдөр тэр бүтэлгүйтэл, өвдөлтөөсөө сургамж аваад, нүүрэндээ том инээмсэглэл тодруулаад л ажлаа үргэлжлүүлдэг. Харин та алдаа дутагдалдаа яг л дэлхийн хамгийн алдартай “venture capitalist” Билл Тай шиг эерэгээр хандаж, урагшилж чадах уу? 

photo

Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.