2024/12/09
USD ₮
УБ 9°C
Ярилцлага
Б.Ариунтуяа: “Аливаад чин сэтгэлээр, хариуцлагатай хандвал амжилтыг бүтээж чадна”
Д.Цацрал     2022-04-28 10:10     596

Польш улсын нөөшилсөн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч “Вracia Urbanek” компанийн албан ёсны дистрибьютер “Урбанек” ХХК-ийн дэд захирал Бандийн Ариунтуяаг ярилцлагын буландаа онцолж байна. Тэрээр хувийн амьдрал, бизнесийн амжилтынхаа талаар бидэнтэй хуваалцсан юм.

Ярилцлагынхаа эхэнд та аав ээж, нутаг усныхаа тухай ярьж өгнө үү. Бандийн Ариунтуяа гэж хүний уг гарвалыг сонирхвол?

Уг гарвал гээд яривал, би чинь Буриад цусны хүн байгаа юм. Миний аав Дамдинжавын Банди, Булган аймгийн Тэшиг сумын хүн. Өвөө маань Тэшиг сумын хойно байх Оросын талын Закаменскийн буриад хүн байсан. Харин ээж минь Цоохорын Цэцэгдэлгэр гэж дунд сургуульд насаараа математикийн багш хийсэн, Улаанбаатар хотод төрж өссөн хүн байв.

Аав, ээжээсээ хэдүүлээ вэ, хүүхэд ахуй, сурагч насныхаа тухай дурсан ярина уу?

Би нэг ахтай, хоёр дүүтэй, айлын том охин. Одоо бодоход, хүүхэд ахуй насандаа их л биеэ даасан, багаасаа гэрийн ажилд оролцоод, өөрөө гардаж бүхнийг хийгээд сурчихсан охин байсан. Хоол хийх жигтэйхэн дуртай байж билээ.

Буриадуудыг их ажилсаг, аливаа зүйлд айхтар няхуур ханддаг ард түмэн гэлцдэг?

Тиймээ, буриадууд их ажилсаг, ялангуяа охин хүүхдээ багаас нь л ажил амьдралд сургадаг хүмүүс шүү дээ. Нэг сонирхолтой заншил байсан тухай сонсч байсан юм. Халхууд болон бусад ястанууд охиноо айлд бэр болгож өгөхдөө эд хөрөнгө тасдан, өвлүүлж өгдөг бол буриадууд өвгөдөөс өвлөж ирсэн талхны хөрөнгөнөөсөө тасдаж өгч явуулдаг байсан гэдэг. Хөрөнгөө бумбанд хийж, түүнийгээ хурганы арьсанд боогоод охиндоо өгч явуулдаг байж. Энэ нь их утга, бэлгэдэлтэй заншил байж дээ. Учир нь эмэгтэй хүүхэд бол тухайн айлын ходоодтой ажиллах хүн гэдэг утгаараа амьдралын гол хүнс болсон талхны хөрөнгөө ингэж эрхэмлэн дээдэлдэг байж. Гэхдээ энэ заншилыг орчин үед бол ер нь сонссонгүй ээ. 

Таны сурагч нас хэрхэн өнгөрсөн бэ, хэр идэвхтэй охин байв?

Би дунд ангидаа 6-р дунд сургуульд суралцаад, 51-р сургуулийг төгссөн юм. Сурагч байхдаа хичээл номондоо сайн, онц сурдаг хүүхэд байлаа. Аливаа ажилд их идэвхтэй хүүхэд байсан. Урлаг спортын авъяастай, эрээн зангиатай, дарга сурагч байлаа. Ангийн хамтлагт дуулдаг, сагс, гар бөмбөг тоглодог байсан. Гитар, мандалин тоглодог, ятгын дугуйланд явдаг, ер нь юм юм л оролддог байсан даа. Аав минь гитар их сайхан тоглодог, ааваараа заалгаж, гитар тоглохыг анх сурч байв. Харин саяхан гитарын сургалтанд суугаад, албан ёсоор нот заалгаж эхэлсээн. Хүүхэд байхдаа сонсголоороо л тоглодог байсан дуунуудаа, нотоор нь сураад, их сонирхолтой санагдсан. Би бас хувцасаа өөрөө оёж өмсдөг охин байсан юм. Төрөл бүрийн цамц, даашинз, юбка, өмд, малгай, цүнх, куртка, пальто гээд, өөртөө их л гоё хувцаснууд оёж өмсдөг байлаа. Тэр байтугай гутлаа өөрөө хийгээд өмчихдөг байлаа шүү дээ. Хичнээн ч олон өнгийн сандааль оёж өмссөн юм, одоо бодох нь ээ. Үеэл эгч минь гутал захиалгын газарт ажилладаг байлаа. Тэндээс эсгүүрийг нь авч оёод, эгчдээ өгөөд уллуулчихдаг байсан. Тэр үед одоогийнх шиг хүссэн дэлгүүртээ ороод хувцас аваад өмчих боломж, бараа товарь хомс байж дээ. Эргээд бодоход, хүүхэд байхдаа юм юм сонирхож, өөрийгөө сорьдог, уян хатан чанартай байсан минь одоо бизнес эрхлэхэд нөлөөлж байгаа гэж боддог. Ер нь л өөртөө ерөөсөө хаалт тавьдаггүй, чадахгүй, мэдэхгүй гэж огтхон ч бодохгүй л өөрийгөө байнга сорьдог байсан даа.

Сурагч насны мөрөөдөл тань юу байсан бэ, мөрөөдөлдөө хүрч чадсан уу?

Мөрөөдөлдөө хүрч чадсаан. Даанч мөрөөдлөөрөө үргэлжлүүлэн яваагүй юм л даа. Миний аав ээж хоёр Монгол Улсын Их Сургуулийн математикийн ангид хамт сурч байсан юм. Тэднийхээ ажил, мэргэжлийг өвлөн авч, багш болохсон гэдэг мөрөөдөлд хөтлөгдөн сургуульд нь сурч, төгсөж байсан юм. Ээж минь насаараа сургуульд математикийн багшаар ажилласан. Харин аав минь математикийн ангийн оюутан байхдаа боксын спортоор хичээллээд, эргэлт буцалтгүй боксоо сонгосон байв. Сүүлд ээж минь бурхан болоод, ажил явдал нь болоход шавь нар нь орцонд уртаас урт дараалал үүсгэчихсэн, салах ёс хийх гээд хүлээж байж билээ. Тэгэхэд би ээжийгээ жинхэнэ “ардын хүүхдүүдийн багш” байжээ гэдгийг ойлгосон. Ээж минь их “хатуу” багш байсан гэдэг. Тэгэхдээ  хүүхдүүдээ ер загнадаггүй, зүгээр л харцаараа удирддаг. Дандаа ганган даашинз, юбка өмсөнө, байнга өндөр өсгийттэй явдаг. Шүдээ гаргаад л инээдэг, бүр тас тас хөхөрдөг байсан гэж шавь нар нь дурсан ярьдаг юм. Тээр холоос гарах  гутлын өсгийний чимээгээр нь анги чив чимээгүй болдог байсан гэдэг. Шавь нартайгаа багш шавийн харилцаанаас илүү маш дотно, ээж шиг нь хандаж, харилцдаг байсан гэнэ лээ. Харин миний аав бол математикаараа яваагүй ч гэсэн Монголын боксын ертөнцөд өөрийн алдар гавъяагаа цууриатуулсан, олон сайхан шавь нар төрүүлсэн хүн. Хожим “Математикч болоогүй бол өдий зэргийн амжилтыг үзүүлэхээргүй  байлаа” хэмээн, Олимп, дэлхийн аварга, мөнгө хүрэл медальтнуудыг төрүүлсэн аав минь дурсан ярьж байсансан.

photo

Мөрөөдөлдөө хүрч, хүссэн мэргэжилээрээ сурсан атлаа яагаад багшлаагүй юм бэ?

10-р ангиа онц дүнтэй төгсөөд МУИС-ийн математикийн ангид элсэн орж байлаа. Нөхөр бид хоёр бас л оюутны нэг ангийн хоёр, нөхөр минь их сургуулийн 2-р курсээсээ Польш улсад суралцахаар явж байв. Харин би сургуулиа төгсөөд нөхөр лүүгээ, Польш руу явсан. Тэнд очингуутаа анхны хүүгээ олж, тэндээ амьдарч байгаад нутагтаа ирж төрөөд, нэг жил орчмын дараа буцаж Польш руу явсан. Тэндээ очоод дахин төрж бид охинтой болсон юм. Тэгээд ч удалгүй гэр бүлийн бизнесээ эхлүүлсэн. Ингэж явсаар нэг мэдэхэд мэргэжилээсээ хөндийрсөн хэрэг л дээ.

Тэгвэл сургуулиа төгсөөд удаагүй л бизнест хөл тавьсан байх нь ээ?

Тийм ээ, ер нь бизнесийн ухаанд эрт суралцсан шүү /инээв/ Их сургуулийн оюутан байхдаа загвар сайтай хурган шуба, ишгэн шуба оёод, түүнийгээ Польш руу нөхөр лүүгээ явуулна. Нөхөр маань тэнд бүгдийг нь зарчихдаг байж билээ. Их сургуулийн 5-р дамжаанд байхдаа Сүхбаатар аймаг луу дадлагад явсан юм. Тэнд сумын агентад ортол савхин оройтой хурган малгай битүү өрөөстэй байна. Тэгэхээр нь хайрцаг малгай аваад “нөгөө шубатэйгээ ижилсүүлээд зараарай” гээд нөхөр лүүгээ явуулж байсан. Сүүлд сургуулиа төгсөөд очиход хэдэн малгай үлдсэн байсныг нь Польшийн зах дээр шубатэйгээ хослуулан өмсч зогсоод, бүгдийг нь зарж билээ. Олон ч Польш хүүхнийг хурган шубтэй болгосон доо. Нэг шуба зараад л мөнгөөр нь нөхөр бид хоёр хоёулаа өвлийн  пальто аваад өмсчих жишээтэй.

photo

Тэгвэл Урбанекийн санаа чухам хаанаас гарсан юм бэ?

Бид 1993 онд анх “Урбанек” компаниа үүсгэн байгуулж байлаа. Польш улсад суралцдаг нөхөр маань амралтаараа ирчихээд байсан үед бид хамтдаа тухайн үеийн хүнсний 50-р дэлгүүрээр орсон юм. Гэтэл нөхөр маань “энэ чинь засвартай байна шүү дээ, юу ч алга” гээд буцав. Гэтэл үнэндээ засвартай биш, байгаа бараагаа өрөөд ажиллаж байсан нь тэр, лангуун дээр нь зөвхөн давс, тос л өрөөстэй, өөр юу ч байгаагүй. Тухайн үед нийтээрээ тийм байлаа шүү дээ. Тэр үед Польш улс аль хэдийнэ зах зээлийн нийгэмд шилжчихсэн, дэлгүүрийн бараа, сонголт гэдэг чинь тэс өөр түвшинд хүрчихсэн байсан л даа. Нөхөр маань “ингэж болохгүй ээ, гэр бүл, хайртай хүмүүс минь хоолоо зөвхөн давсаар амталж иддэг гэж үү, энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Ерөөсөө Монголчуудынхаа амьдралд амт нэмье” гэж шийдээд бид эхний бараандаа явж байсан юм. “Урбанек” –ийн анхны оруулж ирсэн бүтээгдэхүүн бол мөөгтэй цуу байсан. Тухайн үед бид 1000 ширхэг цуу, нэгийг нь 20 центээр оруулж ирээд 1 доллараар дор нь зарчихаж байлаа. Гэвч бид эдийн засгийн ашигтай тооцоолол бодохоосоо илүү зүгээр л Монголчуудыгаа, хайртай хүмүүсээ амттай шимтэй хүнсний бүтээгдэхүүнээр хангах юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн байсан.

Мянган ширхэг цуу ачаад Монголын хилээр орж ирж байсан тэр үеийн дурсамж бас л сонирхолтой байх даа, тэр тухай дэлгэрэнгүй ярих уу?

Тухайн үед би яг төрөх дөхсөн том гэдэстэй байсан юм. Нөхөртэйгээ хоёулаа галт тэрэгний нэг тасалгааг тэр чигээр нь аваад, дүүрэн хайрцагтай цуугаа өрөөд, Польшоос Москва руу ирж байв. Тэндээс нөхөр маань галт тэргээр Монгол руу ирж, төрөх дөхсөн би онгоцоор Улаанбаатарт бууж байлаа. Хүүг минь төрөхөд ах дүү нар маань өхөөрдөж шоолоод, цуутай ирсэн хүүд “цуужав” гэж нэр өгье гээд, тоглодог байж билээ /инээв/ Зах зээлийн ид бужигнаантай үед багшийн ажил хийдэг хадам аав маань, ээж нар маань хүртэл ажлаа тараад зах гарч, бараа заралцаж, нийтээрээ л хөдөлдөг үе байж билээ.

photo

Гэр бүлийн хүнийхээ чухам ямар зан байдалд илүүтэй татагдсан бэ, амьдралаа холбож байсан нандин дурсамжаасаа хуваалцана уу?

Миний хань Баатаржавын Лхагважав бол маш хөдөлмөрч, нийтэч, ухаалаг сайхан хүн. Бид МУИС-ийн математикийн ангийн найзууд байсан юм. Анх үерхэж байхдаа маш сайн найз, ангийн хүүхэд л байсан. Нөхөр маань оюутан байхдаа царайлаг, дэгжин, жентэльмен, маш цэвэрхэн залуу байлаа шүү дээ. /инээв/ Охидууд их сайн, бүгд л сайн ханддаг байсан. Харахад бол их зантай, ёжилсон, шулуун үгтэй, өөртөө итгэлтэй залуу байсан. Бид 2 захидал их бичилцдэг байв. Гэр бүл болоод үнэхээр сайн аав байж чадсан, нэмээд маш сайн хүргэн хүү болсон. Үүн дээр нэг жишээ ярихад, миний аав, ээж хоёр намайг 15 настай байхаас тусдаа амьдрах болсон юм. Түүнээс хойш анхны хүүхдээ төрүүлтэлээ ааваасаа хол байсан л даа. Гэтэл нэг цагаан сараар нөхөр маань миний ах, дүү нарыг цуглуулаад “бүгдээрээ энэ жил аав дээр очиж золгоно оо” гэж хэлдэг юм.  Нөхөр маань “аав хүнийг хэзээ ч гомдоож болохгүй, аавыгаа үргэлж баярлуулж байх ёстой, хичнээн хол байдаг  ч гэсэн хадам аав дээрээ заавал очиж уулзаарай гэж миний аав, ээж надад захисан юм аа” гэж хэлж байлаа. Ингээд нөхрийнхөө ачаар би аавтайгаа дахин уулзаж, аав минь үр хүүхэд биднийхээ амьдралд эргэн ирсэн байдаг юм. Энэ бол маш  их ухаан гаргасан сайхан явдал байсан гэж би боддог. Аав маань тусдаа амьдралтай болоод, би дахиад хоёр ч дүүтэй болсон байдаг юм. Ингээд бид чинь улам л өнөр олуулаа болж байлаа. Зөвхөн энэ явдал  миний ханийн гайхамшигтай ухаан, хайр халамжийг илэрхийлнэ гэж би боддог. 

photo

Хамтдаа хөдөлмөрлөж, гэр бүлийн бизнесээ амжилтанд хүргэхэд өдийг хүртэл чухам юун дээр анхаарч ирсэн бэ?

Гэр бүлийн бизнес амжилтанд хүрэхийн гол утга нь итгэлцэл дээр тогтдог гэж би боддог. Бие биедээ итгэж найдах, хоёр биенийгээ нөхөх гэдэг асуудал маш чухал юм болов уу. Нэг зүгт харж чадсан зорилго, итгэлцэл л амжилтанд хүргэнэ.

Тэгвэл эсэргээрээ, таны хувьд тулгардаг хэцүү, бэрхшээлтэй зүйл бий болов уу?

Хэцүү зүйл мэдээж байна. Миний нөхрийн хувьд зөвхөн хувийн бизнес, компаниа гэхээсээ илүү нийт Монголчуудынхаа хувьд их хүртээлтэй хүн шүү дээ. Тийм ч учраас бизнесийнхээ нарийн ширийн зүйлд төдийлөн оролцоод байдаггүй. Улс орны эдийн засгийн макро түвшинд ажиллаж, ухаанаа уралдуулж суудаг хүн. Эмэгтэй хүн бүх л нарийн чимхлүүр ажлыг нугалдаг.

Өдийг хүртэлх хугацаанд амьдрал, ажил дээрээ браимталж ирсэн чухал зарчим тань юу вэ?

Би бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Ажил, амьдрал, бүх л харилцаанд үүнийг баримталдаг. Хариуцлага, чин сэтгэл хоёр нийцэж байж  хүн амжилтад хүрнэ гэж боддог. Том, жижиг гэлтгүй аливаа зүйлийг сэтгэлээсээ хүлээн авч чадвал бүтэхгүй, чадахгүй зүйл байхгүй л гэж хардаг даа.

photo

Таны аавыг Монголын ард түмэн хайрлан хүндэлдэг. Түүний амьд ахуй цагтаа боксын спортод үзүүлсэн үнэтэй хувь нэмрийг бид хэзээ ч мартахгүй. Аавынхаа тухай дурсан ярина уу?

Тэгэлгүй яахав. Аав минь Монголын боксын спортод үнэлж баршгүй гавъяагаа мөнхжүүлсэн хүн. Олимпийн наадмаас алт мөнгөн медальтан төрүүлээд, ард түмнээрээ баяр хүргээд зогсож байсан дүрийг нь би хэзээ ч мартахгүй. Нөхөр бид хоёр хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ Бээжингийн олимпийг үзэж, аавыгаа, өвөөгөө уухайлан дэмжиж байлаа. Аав минь залуудаа үнэхээр царайлаг, нуруулаг, сайхан хүн байсан юм. Гитар их сайхан тоглож, дуулна. Тийм ч учраас бүсгүйчүүд их шуурч, хөл алдаж гүйдэг байсан. Залуудаа гадны улс орон руу уралдаан тэмцээнд их явдаг. Ирэх бүртээ л охиндоо хамгийн ганган дэгжин хувцас авч ирж өгдөг байлаа. Бас нэгэн сонин зүйл хэлэхэд, аав минь бурхан болоод, ажил явдалыг нь хийж байх үеэр бид дахиад нэг дүүтэй гэдгээ мэдэж авсан. Тэр эрэгтэй дүү минь бидэн дундаас аавтай хамгийн адилхан, бүр усны дусал шиг ижилхэн байдаг юм. Дүү маань биднийг гэртээ урьж, ээжтэйгээ танилцуулаад, бидэнд гитар тоглож дуу дуулж үзүүлэхэд, дүрээрээ аав харагдаж билээ. Яг л аавын хоолой, аавын гитар тоглоод сууж байсан залуугийн дүр төрх амилаад ирэх шиг л санагдсан даа. Аавын минь аав маш их гарын ур дүйтэй хүн байсан. Сүүлд танилцсан дүү маань бас л гарын уртай, байшин барилга барьж, тохижуулдаг залуу. Тэгэхээр өвөөгийн ур ухааныг тэр чигээр нь өвлөж авсан байгаа юм. Өнгөрсөн өвөл бид аавынхаа хөшөө дурсгалыг  нутагт нь босгож, алдар цолыг нь мөнхжүүлсэн сайхан үйл хийсэн. Хөшөөг нь босгох хүндтэй ажилд ах дүүс, нутгийн зон олон, аавын минь шавь нар гар бие оролцсонд маш их баярлаж байгаа. 

Таны хамгийн том бахархал юу вэ?

Миний бахархал бол миний гэр бүл, үр хүүхдүүд. Тэр дундаа том хүүгээрээ маш их бахархдаг. Айл гэрт үнэтэй эдлэл, чимэглэл гэж байдаг шиг манай гэрийн хамгийн том гоёл бол миний хүүгийн шагнал, медалиуд юм. Маш олон шагнал, урамшуулал, медаль байдгаас хамгийн чухал, томоос нь сорчилж, жаазлан өлгөсөн байгаа. Хүү минь одоо АНУ-ын Бостоний Их сургуульд сурч байгаа, докторын ажлаа тун удахгүй хамгаална. Тун саяхан миний  төрсөн өдөр тохиож, хамгийн том бэлгийг хүү минь надад барьсан. Шөнө дунд, цаг 00:01 болоход хүү маань холбогдон, АНУ-д хүссэн ажлын байрныхаа саналыг хүлээн авсанаа дуулгасан нь төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг байлаа даа.

photo

Гэр бүлийн амьдралд азтай, одтой байж, хамтын амьдралаа урт удаан хугацаанд үргэлжүүлэхэд нууц нь юунд оршдог гэж та боддог вэ?

Гэр бүлийн амьдралын үнэ цэн, урт удаан үргэлжлэх байдал мэдээж хайр сэтгэл, илэн далангүй нээлттэй ойлголцдог харилцаа, эмэгтэй хүний ухаан, тэсвэр тэвчээр, аливааг тэгшитгэх зөөлөн буултан дээр л оршдог юм боловуу даа. Маш их тэвчээр, ухаан шаардаж байж л амьдрал сайхан үргэлжилнэ. Эмэгтэй хүн байгаа газраа аз жаргал, амар тайвныг авч ирж чаддаг байх ёстой. Эмэгтэй хүн тийм байж чадвал тэр байгаа орчин тийм л сайхан байх болно. Бид хоёр одоогоороо биенийгээ “найзаа” гэж дууддаг юм. Анхнаасаа тэгээд л сурчихсан. Энэ байдал маань ч бид хоёрыг их нээлттэй байхад нөлөөлдөг байх. Нэг мэдэхэд нөхөртэйгээ 30 жил найзалсан байна даа. Цаашдаа ч хайрлалцаж, олон жил сайхан найзлана аа л гэж бодож байгаа /инээв/

Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.