2024/12/09
USD ₮
УБ 9°C
Мэдээ
Хууль үйлчилдэгүй Хууль бус мөрийтэй тоглоом цэцэглэсээр байх уу?
Н.Дэлгэр     2023-10-31 13:07     180

Манай улсад 1xbet, linebet, melbet зэрэг гадаад улсад бүртгэлтэй, тусгай зөвшөөрөл авдаггүй, Монгол Улсын ямар ч хууль тогтоомжийг мөрддөггүй, татвар төлдөггүй, агент гэх 200 гаруй иргэний хувийн банкны дансыг ашиглан гүйлгээ хийж үйл ажиллагаа явуулдаг бооцоот тоглоомын газрууд цахим хэлбэрээр ажилласаар байна. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын тусгай зөвшөөрөлгүйн дээр, хуулиар хориглосон казиногийн үйл ажиллагаа эрхэлдэг учраас банкууд тухайн компаниудад данс нээж өгдөггүй нь иргэдийг уг хууль бус үйлдэлдээ татан оролцуулах шалтгаан болдог байна. 

Эдгээр цахим хуудсууд нь зөвхөн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэггүй бөгөөд  энэ нэрийн дор бүгд  хууль бусаар онлайн казино ажиллуулдаг. Албан бус тооцоогоор 1xbet дангаараа сар бүр 100 тэрбум төгрөгийн орлоготой байгаагаас 95 орчим хувийг нь казиногоос олж байна.  

Үүнээс гадна 1xbet нь өөрийн үйл ажиллагааг сурталчлахын тулд Үндэсний волейболлын холбоо, Хөлбөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн холбоо, IHC esport-ийн баг зэрэг спортын холбоо, багуудад нэг жилд дунджаар 1 сая доллар хандивлаж байсан бол сүүлийн үед цэнгэлдэх болон бусад газар зохион байгуулагдаж байгаа урлагийн тоглолтуудыг ч ивээн тэтгэх болсон.  

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэрээр 1xbet.mn цахим хуудсыг хаасан боловч VPN, телеграм зэрэг технологийн шийдлийг ашиглан нэвтрэх, утасны аппликэшнийг хааж чадахгүй байгаа зэргээс шалтгаалан ямар ч үр дүнгүй хэвээр байна.

Иймд хууль бусаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн шаардлагатай байна.Тухайлбал, Эрүүгийн хуульд тусгай зөвшөөрөлгүйгээр Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг эрхлэх, тэдгээр компанитай агент болон бусад хэлбэрээр хамтран ажиллах, хандив, төлбөр авах, сурталчлах зэргийг гэмт хэрэгт тооцохоор тусгах шаардлагатай.

Ингэснээр гэмт хэргийг шалгаж, хариуцлага тооцоод эхэлбэл иргэд агент гэх нэршлээр ажиллах боломжгүй болж, цахим асуудлыг шийдвэрлээгүй байсан ч санхүүгийн гүйлгээгээ хийх боломжгүй болох тул тусгай зөвшөөрөлгүй компаниудын үйл ажиллагаа зогсохоос аргагүйд хүрэх юм.

Уг харилцааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг байгаа нь асуудлыг шийдвэрлэх боломжгүйд хүргээд байна. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульд заасны дагуу зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил илэрсэн өдрөөс үйл ажиллагааг зогсооно.” гэж заасан боловч хэн шалгах, ямар хариуцлага хүлээлгэх зохицуулалт огт байхгүй нь хийдэл болж байна.

Энэ мэт дутуу хийгдсэн хуулийн цоорхойг ашиглан гадны, хууль бус, ямар ч зөвшөөрөлгүй байгууллагууд монголд үйл ажиллагаагаа явуулсаар, үүний үр дүнд иргэд ч буцах хаяг, буух эзэнгүй үйл ажиллагааны хохирогч болсоор байна.  

Хар тамхи зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх нь эрүүгийн гэмт үйлдэлд тооцогдддогтой адил хууль бусаар мөрийтэй тоглоом, бооцоо зохион байгуулах, оролцох, дэмжих, хамтран ажиллах нь ч бас эрүүгийн гэмт үйлдэл мөн. Мөн бүртгэл, зөвшөөрөлгүй, хууль хяналтын байгууллага, татварын байгууллагын хяналтгүй явагдаж байгаа мөрийтэй тоглоом, казино зэрэг нь иргэдээс олж байгаа орлогоосоо ямар ч татвар, хураамж төлөхгүй, иргэд ч ямар ч хамгаалалтгүйгээр орон байр, машин, бизнесээ алдаж, олон гэр бүлийн амьдрал нүдэн дээр сүйрсээр байгааг манай хууль тогтоогчид харж л байгаа байх. 

Тэгвэл хууль бус, гадны байгууллагуудын зөвшөөрөлгүй үйлдлийг таслан зогсоохь дээрх мэт хуулийн цоорхойг үгүй хийх, иргэдээ болзошгүй эрсдлээс хамгаалах улс төрийн зоригтой, манлайлал үзүүлэх хүн нь шинээр томилогдсон хууль зүйн сайд байж чадна гэсэн найдвар, хүлээлт иргэдийн дунд байсаар байна. 

 

© 2021. Powered byRete Agency. All rights reserved.