В.Ундрах "Бүх юмыг онлайнаар суралцах боломжтой болж, хүмүүсийн сэтгэхүй ч энэ цаг үеэс болоод илүү хурдтайгаар онлайн сургалтанд бэлтгэгдэж байна. Тиймээс сурсан мэдсэнээ бусдад зааж сургахаар төлөвлөөд зорьж байна даа"
Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Ундрах гэдэг. Би юм нэхэх, шавар урлал, зүймэл даавуун урлал гээд төрөл бүрийн гар урлал хийх дуртай. Одоогоор Канад улсад нөхөр хүүхдийн хамт амьдарч байна. Аав маань гарын их ур дүйтэй хүн байсан болоод тэр үү би гараар урлаж бүтээсэн юманд ер нь л их хоббитой хүн.
Өөрийн эрхэлж буй бизнесийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
Би Индонезид 7 жил амьдарсан юм. Анх Индонези улсад ирээд байж байтал найз Урнаа маань Зүймэл даавуун урлал хийдэг Америк, Чили, Өмнөд Африк, Канад гээд ёстой л таван тивээс ирсэн "quilting" хийдэг найзуудтайгаа танилцуулсан. Тэр л өдрөөс эхлэн тэднээс суралцаж иржээ. Зүймэл даавуун урлал буюу “quilting” хийхыг би анх харчихаад, бүтэн даавууг хайчилж таслаад эргүүлээд нийлүүлээд оёод сууж байдаг цаг зав үрсэн ажил юмуу даа гэж бодож байлаа.
Гэтэл өөрөө анх удаа сандалын бүрээс оёод гэртээ тавихад, царай муутай сандал маань өнгө ороод, зүгээр нэг даавуугаар бүрээд оёсноос илүүтэй гэрт өнгө нэмж байх юм. Нөгөө шүүмжлэнгүй харж байсан нүд арай өөр өнцөгөөс харж эхлээд, сүүлдээ өнгө зохицол бүхий зүйлс төрөл бүрээр нь хийж, гэр бүл найз нөхөддөө бэлэглэдэг болсон. Тэднээсээ урмын үг сонсч, зүймэл урлалдаа бүр дурлаад оёдолын машинаасаа салдаггүй хүн болсон доо. Одоогоор дур сонирхолоороо л хобби болгон хийж байснаас яг бизнес болгож зарж борлуулж байсангүй. Саяхнаас @OndraWorkshop нэртэй пэйж хуудсаа ажиллуулж, олон хүмүүсийн хүсэлтээр 12-р сараас онлайн сургалт зохион байгуулахаар бэлдээд явж байна.
Чухам юунаас урам зориг авч урагшилдаг вэ?
Мэдээж цаг зав гаргаж хийсэн ажил минь бусдад баяр баясгалан өгч, сайнаар нөлөөлөхөд үргэлж урам зориг авч байдаг. Ах эгч маань дүүгийхээ хийсэн бүтээлээр гэрээ гоёж, цагаан сараар ирэх зочиддоо охиныхоо хийсэн бүтээлгийг магтан ярих ээжийгээ харах, найз нөхөд маань фэйсбүүк дээрээ урмын үгнүүд харамгүй үлдээдэгт үнэхээр их баярладаг. Мөн гэр бүлийн хүн маань миний хоббиг их дэмжиж, хүссэнээрээ хийх боломжийг олгодог л доо. Нөхөр хүүхэд маань хамгийн эхний магтаал болоод шүүмжлэлийг хэлдэг болохоор тэдэнд таалагдах уу, үгүй юу гэдэг надад бас их чухал байдаг.
Ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс танай ялгарах гол давуу талыг юу гэж хардаг вэ?
Quilting” ном үзэж байтал Монголын нэгэн агуйгаас хамгийн эртнийд тооцогдох зүймэл даавуун олдвор олдсон тухай уншиж байсан. Одоо энэ олдвор Санкт Петербург хотноо хадгалагдаж байдаг юм билээ. Монголд маань сүүлийн жилүүдээс л зүймэл урлал сонирхогчид бий болж байх шиг. Миний хийсэн ажлууд өнгөний шийдэл, даавуу сонголтоороо л бусадаас ялгарах байх даа. Ижил загвар аргачлалаар хийсэн хэрнээ даавууны өнгө сонголтоосоо шалтгаалаад л тэс өөр өнгө төрхтэй болох нь түгээмэл юм.
Зүймэл урлал сонирхож байгаа бүсгүйчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
Охид бүсгүйчүүд маань “би сурах болов уу” гэж их асууж байна. Гэтэл Монгол бүсгүй бүр дээл баривч хэзээ нэгэн цагт хийгээд үзсэн л байдаг шүү дээ. Дээл хийж байхад “quilting” хийхийг чадахгүй гэх газаргүй. Хөх зүү хөндлөн хатгадаггүй хүн ч оёно. Учир нь маш амархан, шулуун оёдол голчилон хийгээд л явдаг. Гол нь өнгө хээний зохицолоо л зөв гаргах, бусдаар гайгүй байдаг. “Quilting” хийх хэд хэдэн арга техникүүд байдаг. Одоо бодоод байхад арга техник бүрийг л өөр өөр орны хүмүүсээс, найзуудаасаа сурсан байх нь. Миний хамгийн дуртай техник бол “paper piecing” юм. Энэ аргийг Diane гээд Америк найзаасаа сурсан байх жишээтэй. Мөн “Block and Patchwork”, “Applique” гэх мэт аргууд байдаг. Би ер нь нүдэнд тусаад, гоё харагдаад хийе гэсэн юмаа тултал нь л өөрийхөө хамгийн сайнаар нь хийхийг хичээдэг. Олон дахин ханзална, бүр дуусах гэж байсан зүйлээ сүүлийн шатанд нь буруу зүсээд, ахиад эхнээс нь хийх тохиолдол ч байна. Оёдол ч бай, нэхмэл ч бай ер нь эхэндээ хэд хэд ханзалж, эргэж хөвж байж л сурдаг. Эргэж буцаж хийгээд хайран цаг юм шиг харагддаг ч яг сайхан толгойд чинь тогтоод бас гар чинь дадсан байдаг. Хүү маань шоо эвлүүлэх дуртай л даа. Тэгээд шоогоо эвлүүлэхдээ гол нь muscle memory-доо суулгаж өгөх хэрэгтэй гэж зааж өгсөн юм. “Muscle memory” буюу махчилж орчуулбал "булчингийн ой санамж" юмуу даа. Биднийхээр бол дадал болгохыг хэлээд байх шиг. Энэ нь гар урлал хийдэг хүнд хамгийн чухал шиг санагдсан. Олон дахин ханзлаад эсвэл эргэж хөвөөд байна гэдэг гарын булчиндаа дадал суулгаж байгаа сайн зүйл тул шантрах хэрэггүй.. Анхлан хийж байгаа үед хийсэн юмаа ханзлахаар хүмүүс урам нь хугараад чадахгүй нь гээд байдаг л даа. Тэгэхээр ханзлаад л байна гэдэг бол булчингаа дадлагжуулаад л байна гэсэн үг юм.
Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
Яг зүймэл урлалаар бол Монгол хэв маяг бүхий “quilting”-д зориулсан загвар, хээ гаргахыг бодож явдаг. Монголд очих бүрдээ би ганц нэг найз нөхөд гэрийнхэндээ “quilting” хийхийг зааж өгдөг байлаа. Харин одоо бүх юмыг онлайнаар суралцах боломжтой болж, хүмүүсийн сэтгэхүй ч энэ цаг үеэс болоод илүү хурдтайгаар онлайн сургалтанд бэлтгэгдэж байна. Тиймээс сурсан мэдсэнээ бусдад зааж сургахаар төлөвлөөд зорьж байна даа.
Баярлалаа, амжилт хүсье.