
“Өөрийгөө гололгүй, өөртөө бардалгүй явах хэрэгтэй” гэж хэлсэн багшийн минь үг үнэхээр агуу..."
Аав, ээж хоёр тань урлагийн хүмүүс биш учраас таныг энэ замналыг сонгох болоход яаж хүлээж авсан бэ?
Нэг их дуртай байгаагүй ээ. Ээж маань намайг нийгмийн ухааны чиглэлээр бэлдэж байсан юм. Би чинь Монгол хэл, уран зохиол, нийгмийн ухааны хичээлийг сонгож энэ гурван хичээлээр сонгонд явдаг байлаа. Ээж маань өөрөө Монгол хэл, уран зохиолын багш хүн л дээ. Гэвч би жүжигчин болно гэж гэнэтхэн л шийдсэн хүн. Жүжигчин л болохгүй бол насаараа харамсах юм шиг, ёстой нэг л агшинд хувь заяа миний амьдралыг өөрчилсөн дөө. Ингэж шийдсэнээ ээждээ хэлсэн юм. Ээж маань миний хэлсэн үг, харсан харц, байгаа байдлаас юм бодсон гэсэн. Ингээд гурав хоног бодож байгаад “ Миний охин дуртай ажил мэргэжлээ сонго доо. Гэхдээ энэ их шалгуур өндөртэй юм байна. Олон ч хүүхэд уралдах юм байна. Тэгээд шалгуулаад л үз. Сүүлд нь чи харамсахгүй шүү. Унавал харин өөртөө л гомдоорой. Тэр үед ээжийнхээ хэлсэн чиглэлээр явна шүү” гэж хэлсэн. Тэгээд л би дөрвөн сард УБДС-ийн кино, драмын ангид шалгалт өгсөн дөө. Тэр жил 420 хүүхэд шалгуулаад тэнцэхэд эмэгтэйгээс О.Энхтуул бид хоёр орж байлаа. Харин эрэгтэйчүүдээс МУГЖ У.Батбаатар, МУГЖ Г.Золбоот, МУСТА Ё.Алтангэрэл гээд энэ хэд маань тэнцэж байсан юм. Аав маань бол бас нэг их ойлгодоггүй л байсан. Манай кино драмын анги чинь өглөөнөөс авхуулаад шөнө хүртэл хичээл хийдэг, бусад ангиудаас их өөр л дөө. Биеэр, үйлдлээр, практикаар гээд маш их сургалт явагддаг учраас цаг их ордог. Нэг хүүхэдтэй тулж ажиллахад л багш маш их цаг зарцуулж байж, тэр дүрийн утга учир, бодол санаа гээд дүр дээр ажиллах ажиллагааг бүтэн дөрвөн жил зааж байгаа шүү дээ. Амархан юм шиг хэрнээ маш хүнд, маш хэцүү мэргэжил юм. Би чинь ерөөсөө өглөө гараад л шөнө орж ирдэг. Аав тэгээд л дандаа надаас “Миний хүү хаачаад ирэв” гээд л тэгэнгүүт нь би “Өө, хичээлээ тараад ирлээ” гээд шөнийн 11, 12-т эцсийн автобусаар, заримдаа бүр алхсаар байгаад ирнэ. Хөөрхий ээж минь шөнө болгон л тосож авдаг. Тэгээд шөнийн хэдэн цагт ч хамаагүй гэрлүүгээ алхчихдаг байлаа шүү дээ. Аав маань их л тэссэн юм шиг байгаа юм. Тэгээд ээжийг хэлээч, гээд эхлээд ятгаад “Наад хүүхэд чинь юу болоод байна” гээд л байдаг байсан гэсэн. Тэгээд нэг өдөр л “За, миний хүү хоёулаа уулзъя” гээд намайг хүүхдийн өрөөнд дагуулж орлоо. “За, эмэгтэй хүн нэг л замаа алдвал засардаггүй юм шүү” гэж байна. Би бүр гайхчихсан /инээв/ “Яагаад аав, яасан юм” гэсэн чинь “ Ингэж болохгүй ээ миний хүү, ийм орой шөнийн ажилтай байна гэж юу байхав, ийм хичээл ч гэж юу байхав, аав нь бас нэг муу юм мэднэ ээ. Миний охин одоо ёстой ухаан суухгүй бол болохгүй, ийм тэнэг байж болохгүй. Чи ийм охин байгаагүй. Бид хоёрын ямар сайхан охин байлаа. Яагаад одоо энэ дээд сургуульд ороод ингээд замаа алдчихав аа ” гээд л би чинь бүр гайхаад, уйлаад “Та нар ерөөсөө миний хичээл дээр оч” гээд тэр хоёр маань очиж манай багш нартай уулзахаар боллоо. Тэгэхэд хичээл эхлээд нэг сар л болж байсан юмуу даа. Тэгээд надад ерөөсөө итгэхгүй, ээж маань ”Багш нартай нь уулзсан чинь, ийм орой тардаггүй байвал яана аа” гэж хүртэл ярьсан байгаа юм. Багш нартай уулзаад шууд “оройтоод байна” гэж асууж чадахгүй “Хүүхдийнхээ хичээл сургуультай танилцах гээд л” гэсэн чинь багш нар маань, “Хичээл их хийдэг, ер нь манайх оройтож тардаг” гээд хэлсэн чинь “Тийм байхаа, манай охин их оройтоод байсан юм” гэж хэлсэн гэсэн. /инээв/ Тэгсэн багш “ Одоо бүр их оройтно оо, үүр цайтал хичээлээ бэлдэнэ, заримдаа хонож өнжинө гэж хэлсэн гэсэн. Үнэнийг хэлэхэд би чинь, “Оюутан байхдаа ингэж байгаа юм чинь жүжигчин болсныхоо дараа яана аа, юу сонгочихов доо” гээд л, нэгдүгээр курсдээ мэргэжлээ солих гэж их гүйсэн шүү дээ. Гэвч, тэр үед ямар азаар ангиа солиод явчихаагүй юм. Хэдхэн хормын дотор хийсэн сонголт маань миний амьдралын баяр жаргал, бүх л сайн сайхныг бий болгосон нь хамгийн үнэ цэнтэй юм даа.
Хэдхэн хормын дотор жүжигчин болохоор шийдэхэд яг юу нөлөөлөв?
Ер нь би урлаг, уран сайханд багаасаа л дуртай хүүхэд байсан л даа. Ээжээсээ нууж явдаг байсан юм. Нийгмийн дугуйланд явж байна гэж хэлээд л концертонд оччихдог байсан. \инээв\ Тэр үед манай дуу хөгжмийн багш Ганбаатар гэж хүн байлаа. Тэр багш маань намайг ажиглаад л байдаг байсан байгаа юм. Тэгээд надад “Чи ер нь урлагийн хүн болох хүн. Чамд урлагийн хүн болох олон шинж чанар байдаг” гэж хэлдэг байв. Би яахав дээ урлагийн хүн болно гэж боддоггүй байсан юм чинь зүгээр сонсоод л өнгөрчихдөг. Гэхдээ дотроо бол боддог, мөрөөддөг байсаан. Яг үнэндээ, кино драмын анги байдаг гэдгийг ч мэдэхгүй шүү дээ. Тэгэээд зурагтаар кино үзээд л жүжигчин хүмүүсийг онцгой, их л өөр хүмүүс байдаг байхдаа гээд л боддог. “Би ийм болвол гоё оо, би ингэж жүжиглэж чадна шүү дээ” гэж боддог. Ер нь тэгээд хичээл тараад шууд гэртээ харьдаггүй, автобусанд тухтай суудал олоод, цонхоор юм хараад л, юм бодоод л явчихдаг хүүхэд байлаа. Эргээд бодсон чинь, одоогоор бол "эморох" дуртай хүүхэд байсан юм байна. /инээв/ Тэгээд нэг удаа автобусанд юм бодож явж байгаад, Драмын театрын буудал дээр буучихжээ. Их л гоё барилга санагдаад, баганых нь хажууд очоод л, “Ямар гоё юм бэ? яаж хийсэн бол оо” гээд байж байсан чинь МУАЖ Г.Гантөмөр гуай миний хажуугаар зөрсөн юм. Гараад ирэнгүүт нь баганы араар орж зогсоод нууцаар харж, бахархах, айх зэрэгцээд л өөрийн эрхгүй уйлчихаж билээ. Яагаад тэгснийг мэдэхгүй, гэнэт л дотор давчдаад, бие эвгүйрхээд, яг нэг юмнаас хоцроод байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд л тэр үедээ бодсон. “Би жүжигчин л болохгүй бол насаараа харамсах юм байна” гэж. Ингээд шууд гэрлүүгээ очоод, ээждээ “ Би жүжигчин л болно” гэж хэлээд цүнхээ шидээд, буруу хараад хэвтчихсэн. Би дотроо бол ээж зөвшөөрөхгүй байх л гэж бодож байсан. Харин ээж маань байгаа байдлыг минь хараад л “За энэ шийдчихсэн юм байна “ гээд л дэмжээд, түүнээс хойш ёстой дагуулаад гүйсэн дээ.
Багшийн дээд сургуульд ороход тосон авсан сайхан багш нарынхаа тухай дурсахгүй юу?
Бидэнд чинь хоёр уран чадварын багш хичээл ордог байхгүй юу. Анх эхлээд МУ-ын УГЗ Д.Маамхүү багш, Г.Доржсамбуу багш хоёр маань манай ангийг удирдаж авч байсан. Тэгээд гуравдугаар курст Доржоо багш маань гараад, МУ-ын СГЗ С.Сугар багш орж ирсэн. Ийм гурван мундаг багшаар л би ур чадварын хичээлээ заалгасан даа. Сайн багш хүн гэдэг шавьдаа хэзээ ч мартахгүй сайхан сургаалиудыг үлдээдэг юм байна. Миний Маамхүү багш намайг найруулагч болоход хамгийн их нөлөөлсөн хүн гэж би боддог юм. Яагаад гэхээр, жижигхэн юмыг ч орхидоггүй, бүх зүйлийн логик ухааныг Маамхүү багш маань их анзаарч хардаг хүн байсан. Тэгээд би багшаасаа тэр чанарыг нь харж авч, уран бүтээлч хүнд, жүжигчин хүнд их хэрэгтэй ухаан юм байна гэж бодож явдаг байсан маань, бүхэл бүтэн уран сайхны кино найруулахад маш их хэрэг болсон доо. Анх 1993 онд намайг “Шилдэг дүрийн шагнал” авахад Доржоо багш минь “Би хүргэж өгнө” гээд яаман дээр хүргэж өгөөд, надад “Би өнөөдөр чиний жолооч хийж байгаа. Чи анзаарч байна уу? Би чамайг шагнаж байгаа юмаа. Чи энийг миний хүндэтгэл гэж ойлгоорой. Гэхдээ энэ бол юу ч биш, энэ зөвхөн эхлэл. Багш нь чамаас их юм хүлээж байгаа. Бүх хүн жүжигчин байдаггүй юмаа. Харин чи энэ анхны шилдэг дүрийн шагналыг авч өөрийгөө жүжигчин гэдгээ харууллаа. Чиний цаашдын сайн сайхныг бэлгэдэж багш нь ингэж чамд үйлчилж байгаа юм шүү” гэж хэлээд театрт маань хүргэж өгч билээ. Мөн ч сайхан сэтгэл шүү. /уйлав/ Жинхэнэ багш хүнд л шавиа хайрлах, шавиа ухааруулах тэр ухаан, сэтгэл нь байдаг юм байна. Нэг өдөр багш минь намайг дуудлаа. Яваад очтол, “Чи ер нь өөрийгөө хэр жүжигчин гэж боддог вэ?” гэж байна шүү. Тэгэнгүүт нь баахан юм бодлоо. “За байз муу гэвэл, яасан өөртөө итгэлгүй юм гэх байх, сайн гэвэл яахаараа өөртөө барддаг юм, гэнэ дээ” гээд л өчнөөн юм бодож, бодож “Үгүй ээ яахав, би өөрийгөө нэг их голдоггүй шүү дээ багш аа, бас мундаг сайн ч гэж хэлэхгүй ээ” гээд л аваад хаялаа. /инээв/ Тэгсэн чинь багш маань “Чи сайн жүжигчин шүү дээ, чи чинь гайхалтай амьтан байхгүй юу, чам шиг агуу жүжигчинг мэдэхгүй” гэдэг юм даа. Би үнэхээр гайхаад, бүр тоглоод байгаа юм болов уу гэж зөндөө харлаа. “Багш аа одоо больё оо” л гэлээ. /инээв/ Тэгсэн чинь үргэлжлүүлээд “ Гэхдээ чи, тэр Холливудын оддын дэргэд юу юм бэ, юу ч биш шүү дээ. Дэлхийн мундаг жүжигчдийн хажууд бол юу ч хийгээгүй амьтан шүү дээ. Чи үргэлж өөрийгөө бусадтай харьцуулж байх хэрэгтэй. Чи бол хаана ч очоод гологдохгүй. Тэгэхээр өөрийгөө голох газраа голж, бардамнах газраа бардаж явах хэрэгтэй шүү” гэж хэлж билээ. Үүнээс би маш их зүйлийг ойлгосон. Одоо болтол багшийн хэлсэн энэ үгс миний зүрхэнд хадаатай явдаг. “Би оршин байгаа газраа хамгийн мундаг нь, би чадна. Гэхдээ би дэлхийтэй зүйрлэхэд жижиг ч гэлээ үргэлж өөрийгөө хурцалж, дайчилж явах ёстой юм байна”. “Өөрийгөө гололгүй, өөртөө бардалгүй явах хэрэгтэй” гэж хэлсэн багшийн минь үг үнэхээр агуу юм.
Сургуулиа төгсөнгүүтээ “Хүүхэд залуучуудын театр” - т орсон уу?
Сургуулиа төгсөнгүүт бид нарыг хуваарилдаг байсан юм. Тэгсэн О.Энхтуул маань Баянхонгорт, харин би Дундговьт хуваарлигдаад, хоёулаа уйлсан даа. /инээв/. Хоёулаа хотын охид учраас шууд л сэтгэлээр унаж байгаа юм чинь. Тэгсан чинь Г.Золбоот болохоор өөрөө Дундговийнх, аймагт хуваарлигдчихсан гээд бөөн баяр хөхрөөд л. Бид хоёрыг шоолоод л. “Зүгээр ээ, ёстой гоё, Говийн бор хүүхэн болно шүү дээ. Найз нь чамайг газардуулахгүй. Бүр болохгүй бол хоёулаа суучихая” гээд л шоолоод байдаг. Шар малтаад, шоолох тусам би чинь уйлаад л байдаг. Тэгсэн чинь харин гэнэт О.Энхтуул бид хоёрыг “Соёлын яаман дээр дуудлаа” гэнэ. Гүйгээд очсон чинь О.Нямгаваа найруулагч байж байна. Тэгээд бид хоёрыг “Хүүхэд залуучуудын театр” - т урилгаар авах боллоо гэж байна шүү. Өө бид хоёр чинь бөөн баяр болсон. “Та хоёр анх удаа хөдөө хуваарилагдалгүй, урилгаар театрт очсон жүжигчид боллоо шүү” гэж хэлж билээ. Ингээд “Хүүхэд залуучуудын театр” - т яг 1 жил 6 сар ажиллаад “Хошин урлагийн театр” гэж анхны хувийн театрыг МУГЖ Б.Батзаяа ах, МУГЖ Б.Туяа эгч, О.Энхтуул бид 4 байгуулаад гарч байсан юм. Бөөн мөрөөдөл л байсан даа. Одоо эргээд бодоход тэр үед их зоригтой байжээ. Тухайн үед театрт хуваарилагдана гээд их том асуудал, тэгтэл тэр театраас хувийн театр байгуулж гарна гэдэг том зориг шүү. Б.Батзаяа ах ч их ятгасан даа.\инээв\ Тэгж л тэр мастеруудыг дагаж хошин урлагийн, юморын мэдрэмжүүдийг олж авсан байх даа. Тэгээд хошин урлагийнхаа театрт удаагүй ээ. Яг гурван сар болоод байж байсан чинь Г.Доржсамбуу багштайгаа таараад, багш намайг шууд л алгадаад авдаг юм. Тэгээд “Чи театрт жүжигчин байх ёстой” гэж хэлсэн. Би ч “за” л гэхээс өөр үг хэлээгүй дээ. Ингээд надад томилолт өгөөд “Драмын театр” - т орж байлаа. Би одоо хүртэл театраа зүүдэлдэг. Театртаа жүжигт тоглож байна, коридороор нь явж байна гээд л. Театр өөрөө тэгж хүнийг татах увидастай, өөрийн гэсэн үнэртэй. Тэр үнэр бол хэзээ ч мартагдахгүй дээ.
Театрын тайзнаа таны амилуулсан “Жуллета” - г хүмүүс хамгийн үнэн, хамгийн хайр татам байсан гэж одоо ч ярьдаг. Тэр үеийн тухай дурсахгүй юу?
МУ-ын УГЗ Ч.Найдандорж найруулагчийн найруулж тавьсан “Ромео Жулетта” бол Монголд тоглогдсон хоёр дахь тавилт байсан юм. Найдаа найруулагч маань хэлдэг л дээ, “ Би Одончимэгийг байгаа дээр энэ жүжгийг тавья гэж бодсон юм” гээд. Өмнө нь би гурван ч удаа Жулеттад сонгогдоод, бэлдэж байгаад л жүжиг тавигдхаа больчихдог байсан юм. Тэгээд би “Энэ ямар сонин дүр вэ би тоглох ёсгүй л юм байхдаа” л гэж боддог байлаа. Ингээд байж байсан чинь манай театрт найруулагч Ч.Найдандорж орж ирээд “Ромео Жулетта”-г тавина гэж яригдаад л дүр хуваарилах юм байх гэж бодсон чинь бүх жүжигчдийн дунд уралдаан зарласан. Тэр үед аавын маань бие муу байсан болохоор би уралдаанд оролцохгүй гэж бодож байсан ч хамт бэлтгэл хийсэн хүмүүсийнхээ ажлыг алж болохгүй учраас яаж ийж байгаад л очиж байсан. Тэгээд л Жулетта-д сонгогдсон доо. Олон жилийн дараа би Найдаа найруулагчаас асууж байсан юм, “Та намайг шалгаруулалтанд ороогүй байсан бол хэнийг сонгох байсан бэ, гэсэн чинь “Би дахиад уралдаан зарлах байсан” гэж хэлж билээ. Жүжигчин хүн аливаа нэг дүрд тоглоход заавал нэг юм өөртөө авч үлддэг шүү дээ. Би Жулетта-гаас авч үлдэх зүйлээ авсаан.
"Театраасаа гараад зөндөө уйлж билээ, гэхдээ л гарах ёстой гэдгээ мэдэж байсан"
“Сэрүүн дуганы мөхөл” УСК -ны Дэжидмаагийн дүр бол таны дэлгэцийн анхны гол дүр. Дэжидмаагийн дурласан сэтгэл, шаналал харууслыг бүтээхийн тулд та өөртэйгээ хэрхэн ажилласан бэ, хүнд хэцүү байсан зүйл бий юу?
Нэг өдөр хичээлээ тараад л гараад ирсэн чинь МУАЖ Б.Дамчаа гуай шатан дээр зогсож байна. Тэгсэн Б.Дамчаа гуай намайг хараад инээгээд л “нааш ир” гээд л дуудлаа. АУЗ С.Эрдэнээ гуайтай хамт зогсож байсан юм. Тэгээд намайг “энэ шдээ” гээд л тэгсэн чинь С.Эрдэнээ гуай намайг харчихаад “Энэ чинь харин Хуланд тогломоор юм байна шдээ” гээд. Тэгсэн Б.Дамчаа гуай болохоор “Яг л Дэжидмаа байгаа биз дээ” гээд л. Тэгээд намайг” кино үйлдвэр дээр хүрээд ир” гээд ангийнхаа У. Батбаатартай хамт очиж байлаа. Тэгэхээр намайг дэлгэцийн урлагт анх оруулсан хүн маань яах аргагүй Б.Дамчаа гуай байсан юм. “Сэрүүн дуганы мөхөл” -ийн Дэжидмаад би зүгээр өөрөөрөө л тоглосон гэж хэлэхэд хэлсдэхгүй ээ. Анхны уран бүтээл тийм л байдаг. Б.Дамчаа гуай бас надад хэлдэг л байлаа. “Угаасаа би чамайг Дэжидмаад гээд хараад авчихсан болохоор чи дүр бүтээнэ гээд элдэв юм битгий бодоорой. Хамгийн гол нь чинхүү сэтгэлээсээ амьдрах хэрэгтэй. Тэгвэл чи Дэжидмаа болж харагдана. Харин дараа дараачийн уран бүтээл дээрээ анхаарах ёстой шүү” гэдэг байсан. Миний анхны тоглосон киноны найруулагч маань өөрөө тийм мундаг, дэлгэцийн жүжигчин хүн байсанд би маш их олзуурхаж, баярлаж явдаг. Одоо хэр нь Б.Дамчаа гуай шиг тийм мундаг, үнэн, энгийн тоглолтоор, яг тэр дотоод сэтгэлээрээ эсрэг дүрийг бий болгодог хүн байхгүй л байна даа.
Драмын театраасаа яагаад гарах болов, таныг театраас гарсан тэр үед их олон уран бүтээлчид төрийн данснаас гарч хувиараа ажиллацгаах болсон санагддаг. Хамгийн том шалтгаан нь юу байсан бол?
Театраасаа гараад би их уйлсан. Тэр сайхан дүрүүдээ орхиод гарна гэдэг хэцүү шүү дээ. Би бараг арваад гол дүртэй байсан. Тэр театрын олон мундаг эмэгтэй жүжигчдийн дундаас дүр авна гэдэг их том зүйл шүү дээ. Тэр ягаан театраас гарах л юм бол амьдрал хөмөрчих гэж байгаа юм шиг санагддаг. Гэхдээ л би гарах ёстой гэдгээ мэдэж байсан. Энэ бол зөв гэж мэдээд байдаг. Гэвч тэр хорогдох сэтгэл гэдэг чинь хэцүү шүү дээ. Ер нь хүн зүрх сэтгэлээ ухаанаар удирдана гэдэг чинь их том зөрчил юм байна. Зүрх сэтгэл болгон зөв рүү тэмүүлнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхэд театрын удирдлагууд маань Аглуу бид хоёрыг дуудаад “ Нэг жил шоунд яваад ирээ, үнэхээр амьдрал ахуйд чинь мөнгө хэрэгтэй байгаа бол. Гэхдээ энд чиний орон зай байгаа шүү” гэж хэлж байлаа. Тэгэхэд яахав надад эргээд ирэх боломж байгаа юм даа гэж элгээ дэвтээгээд л гарсан даа. Тэгээд бид яг нэг жил хөдөлмөрлөөд цуглуулсан мөнгөөрөө хамтлагаараа, 8-уулаа гадаад руу аялан тоглолтоор явсан юм. Бид чинь баруунд очоод л тэгнэ ингэнэ гээд бөөн төлөвлөгөө явж байгаа юм чинь. Тэгсэн чинь тэнд шал өөр байсан. Дандаа гоё гоё том театрууд, дандаа мюзикл, шоу тоглогддог. Ингээд л хүний оюун бодолд өөрчлөлт ордог юм байна лээ. Хүссэн хүсээгүй манайх чинь өөрөө 90 онд барууныхны хөгжиж байсан чиглэлийг сонгосон шүү дээ. Яваандаа бид ийм болох юм байна гэж бодсон. Амбий, Дооёо, Аглуу, Найдаа найруулагч бид хэд чинь хамгийн анх театраасаа зориглож гараад хамтлаг болсон хүмүүс шүү дээ. Бидэнд хиншүү хярвас болтлоо шатсан үеүд бий. Гэхдээ өөрсдийнхөө хүслээр, уран бүтээлээ хийж байгаа болохоор маш гоё амттай байдаг байсан. Театр бол хатуу. Харин тухайн үед бид нар арай илүү шинэлэг бодолтой л байсан юм шиг одоо санагддаг. Гарснаараа бид буруудаагүй ээ. Харин ч бид “Сэргээш 1,2,3” гээд Монголд байхгүй хошин мюзикл хийсэн шүү дээ. Одоо эргээд бодоход бидний үеийнхэн уран бүтээлдээ их хайртай залуучууд байжээ. “Сэргээш” бол ямар ч ивээн тэтгэгчгүйгээр цэвэр өөрсдийн тоглолтын орлогыг хадгалж, цуглуулж хийсэн бүтээл юм шүү дээ.
“Х Түц” анх “Инээдмийн Түц” нэртэй байсан санагдаж байна. Одоо ингээд аль хэдийнэ 25 жил өнгөрчихөж. Уран бүтээлчдийн хувьд юу өөрчлөгдсөн байна?
Хүн гэдэг амьтан чинь зөв хандлагатай, зөв явбал урагшаа өсөж дэвжиж л явдаг юм байна. Анх 1996 онд “Х Түц” продакшн байгуулагдаад учраа ч мэдэхгүй явж байснаа бодвол их ахиц дэвшил гарсан л даа. Эргээд харахад их олон сайхан уран бүтээлийг өөрсдийн хүчээр хийж чадсан байна. Мөн манай “Х Түц” байгуулагдсан цагаасаа олон сайхан уран бүтээлчдийн өсөж бойжих гүүр нь болж өгсөн гэж боддог. Тийм ч учраас “Х Түц”-ээс гарсан жүжигчид муу явдаггүй. Энэ олон жилийн хугацааг хийсэн уран бүтээлээр нь л дүгнэнэ байх. Шоу урлагт бид дандаа анхдагч нь байсан. Бүх юманд дандаа шинийг эрэлхийлэгч байжээ. “Х Түц” бол Ч.Найдандорж найруулагчийн анхнаасаа бодож байсан зөв удирдлага, зөв найруулгын дор их гоё бүрэлдсэн болохоор уран бүтээлд нь энэ зангараг нь одоо ч байдаг юм болов уу гэж би хувьдаа боддог. Найдаа найруулагч маань анхнаасаа “Х Түц” продакшнд тал талын авьяастай хүмүүс байх ёстой гэж боддог байсан. Энэ бодлогыг бид одоо ч баримталдаг. Тийм учраас “Х Түц”-ийн жүжигчид зөвхөн шоунд тоглохдоо ч биш, кинонд тоглохдоо ч яг кино жүжигчин ямар байх ёстой тэрүүгээр тоглож чаддаг. Кинонд тоглох нэг өөр, жүжигт тоглох нэг өөр, шоунд тоглох нь өөр өөр нюанс, мэдрэмжүүд байдаг байхгүй юу. Гэхдээ энэ бүхнийг ялгаж тоглоно гэдэг чинь жүжигчнээс өөрөөс нь асар их авьяас мэдрэмж шаарддаг. Энэ бол жүжигчин болгонд байгаад байдаг ч юм биш. “Х Түц”-ийг өдий зэрэгтэй явахад найруулагчийн маань нөлөө асар их байдаг. Мэдээж хэрэг анх байгуулагдсан үе одоо байгаа үе ялгаатай байх нь гарцаагүй. Хийсэн бүтээсэн зүйл нь тухайн хамтлагийг яаж хөгжиж дэвшиж яваа вэ гэдгийг харуулаад байгаа байхгүй юу. Өнөөдөр бусад продашнууд дотор “Х Түц” шиг энэ олон сонгодогуудыг тавьсан продакшн байхгүй. “Өвлийн инээмсэглэл” шиг олон жил Монголын ард түмэнд хүрч, хүлээлгэдэг болсон ийм контент байхгүй. Тэгэхээр “Х Түц”бол өөрийн хийсэн уран бүтээлүүддээ тамга дарж үлдээж чадсан гэж би боддог.
“Х Түц” Хятадын сонгодгуудаас Монгол үзэгчиддээ хүргэж байсан туршлага ихтэй. “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” жүжгүүд, “Солиот эх” УСК-г дурьдаж болно. Чухам ямар шалгуур, онцлогоос улбаалаад Дорнын сонгодгууд дээр ажилладаг юм бэ?
Ер нь манайхан Өрнөдийн сонгодогуудыг их авч тавьсан. Тэгтэл бичиг соёл гэдэг чинь Дорно дахинаас үүсэлтэй шүү дээ. Дорно дахинд маш гайхалтай сонгодог зохиолууд бий. Тэр утгаараа Дорно дахины утга зохиолын сав ертөнц гэдэг чинь ямар гайхалтай гээч. Бид чинь өөрсдөө Дорнын л ард түмэн шүү дээ. Тэгээд Дорнын сонгодог зохиол дутмаг байдаг юм байна гэж бодоод, судлаад л анх “Аянгын бороо”-г тавьж эхлэсэн юм даа. Энэ жүжиг нь өөрөө Хятадын 8 шилдэг зохиолын нэг. Дүр бүхэн нь гайхалтай бичигдсэн, үнэхээр сайхан зохиол. “Аянгын бороо”-г тоглосны дараа үзэгчид алга ташаад гардаггүй байлаа
"Би биеэрээ тоглож, сэтгэл зүйгээрээ хүргэх ёстой. Жүжигчний ажил амархан биш хэдий ч хамгийн их таашаалыг мэдрүүлдэг"
“Солиот эх” УСК бол таныг жүжигчин, найруулагч, эмэгтэй хүн, эх хүний хувьд үнэлэх, хайрлах мэдрэмжийг үзэгчдийн хувьд олон шат илүү таниулсан бүтээл болсон. Кино бүтээх тухай анхны ярианаас эхлээд гол дүрд нь та өөрөө оногдож байсан уу?
Хэн тоглохыг шийдээгүй байсан. Зохиол өөрөө их таалагдсан. Өгүүллэг шүү дээ. Анхнаасаа энэ маш гоё кино болох юм байна гээд нүдэнд харагдчихсан. Онон бид хоёр их маргалдсаан. Би 2 ажил авахыг хүсээгүй юм. Гэхдээ алийг нь ч хийсэн яахав гэж бодсон. Тэгтэл Онон болохоор зөрөөд байдаг. Өөр найруулагч ав, барь гэж их маргалдсан л даа. Тэгээд л хийсэн. Ийм зохиол хүн болгонд олдохгүй шүү дээ. Жүжигчин хүний ажил бол бие, оюун ухаан, физилогийн ажил. Яагаад жүжигчний ажлыг хар ажил гээд байна гэхээр хоёуланг нь хийдэг. Би хадан дээр гүйх ёстой бол гүйх л ёстой, намганд орох бол орох л ёстой, чонотой харьцах бол харьцах л ёстой. Хүний хүсээд хийх ажил биш байхгүй юу. Тэгэхээр жүжигчин хүн бие болоод сэтгэлзүйн хувьд маш сайн дархлаатай байх ёстой. Би биеээрээ тоглож, сэтгэл зүйгээрээ хүргэх ёстой. Амархан биш хэдий ч хамгийн их таашаалыг мэдрүүлдэг ажил. Яг энэ зарчмаараа л “Солиот эх” -д тоглосон.
Тэгвэл та найруулагчын хүндхэн алба руу яагаад орох болов?
Жүжигчин байхдаа кино найруулж үзэх юмсан гэж боддог байсан юм. Тэгээд “Сэргээш 3”-ыг найруулах болов оо. Найдаа найруулагч маань театр луу явчихсан учраас. Тэгсэн, манай кино найруулагч Д.Золбаяр маань намайг ”өөрөө найруулаач” гээд. “Хамт олон чинь таньд итгэж байна, та хийчих” гээд л, найруулагчаар орж ажилласан, сайхан бүтээл болсон. Ингээд л араас нь дандаа голцуу инээдмийн кинонууд найруулсан байна даа. “Миний хөрш чөтгөр”, “Танхай тээгч”, “Алтан өндөг”, “Хөөрхөн ээжтэй охин” гээд л. Харин “Солиот эх” маань хамгийн анхны мелодрам кино маань юм.
Эмэгтэй найруулагчын тухайд арай өөр мэдрэмжээр хандах нь эрэгтэйчүүдийнхээс нэг шат илүү байх тал бий юу?
Эмэгтэй хүний байгалиас өгсөн өгөгдөлтэй холбоотой байх магадлал бий. Гэхдээ найруулагч гэдэг бол эмэгтэй хүнд ахадсан хөдөлмөр. Жүжигчин байна гэдэг хэцүү байхад. Ёстой л оюун бодол, авъяас чадвар, сэтгэлзүйн тэнцвэрийг бүрэн дайчилж байж л ард нь гарах алба юм даа.
Т.Бархүү бол таныг гэргийгээ болгох гэж чамгүй хугацаанд л гүйж хөөцөлдсөн гэж ярьдаг. Тэгвэл тэр урт хугацааны дараа түүнд зөвшөөрөх болсон хамгийн том шалтгаанаа та юу гэж боддог вэ?
Зарим эрчүүдэд амьдарлыг амархан бүтээчих гээд, хялбар зам хайгаад байдаг зан байдаг юм. Би тийм занд үнэхээр дургүй. Харин манай Бараа бол 100 хувь эсэргээрээ хүн. Би Т.Бархүүг хамтлагт анх орж ирэхэд л аливаад хандаж байгаа байдал, биеэ авч яваа нь , уран бүтээлч хандлага нь гээд эр хүн болгонд байдаггүй олон сайхан чанаруудыг нь олж харсан. Тэгээд би дотроо “Ямар азтай охин нь энэ хүнтэй суух бол оо” гээд л бодож байлаа. Өөрийгөө гэж төсөөлөхгүй шүү дээ. Бүгдийг эхнээс нь, хэнээс ч гуйхгүй босгоно гэдэг зан чанар Бараад байсан. Энэ гайхалтай чанарууд нь магадгүй хамтын амьдралаа шийдэхэд нөлөөлсөн гэж би боддог.
Та хоёрын дунд хувь хүний гэхээс илүү уран бүтээлчийн зөрчилдөөн хэр гардаг вэ, яаж шийдвэрлэдэг бол?
Уран бүтээлийн хувьд бид хоёр тэгж зөрчилдөөд байдаггүй. Уран бүтээлч хүн гэдэг талаас нь бие биенийгээ үнэлж, хүндэлдэг. Ер нь маш сайн санаа нийлдэг шүү.
Суунийг үзэгчид “Хоёр авъяастай хүний дундаас төрсөн, мундаг жүжигчин гарах нь ээ” гэж ярьдаг. Харин аав ээж нь энэ тал дээр ямар бодолтой байдаг бол? Та бол З.Номунааг жүжигчин болгохгүй гэж үзэж байсан шүү дээ?
Номунааг би жүжигчин болгохгүй гэж үзээд дийлээгүй шүү дээ. Яахав өөрийнхөө мэдэрсэн, туулж ирсэн хэцүү замаар охиноо бүү алхаасай л гэж хүсч байсан даа дэмждэггүй байлаа. Гэвч хүн гэдэг амьтан чинь ирсэн энэ богинохон цаг хугацаандаа хүсч байгаа зүйлээ л хийж амьдрах ёстой юм байна. Тэгэхээр Суунийг бол сонголтыг нь л дагаж хүндлэнэ гэж бодож байгаа.
“Х Түц”-ийнхэн энэ жил ойгоо хэрхэн тэмдэглэх төлөвлөгөөтэй байна? “Сэргээш” ээ хийхгүй юм байх даа гэсэн хүмүүс их байна?
Одоо яахав “Сэргээш 4” -ийн зохиол дээр бид хааяа уулзаж сууж байгаа. Гэхдээ зохиол нэг л сайн буухгүй л байна л даа. “Х Түц”-ийн 25 жилийн ой болох гэж байгаа учраас бид үзэгчиддээ гоё бэлэг барих юмсан гээд л яриад л байна. Кино, бас нэг жүжиг ярьсан. Гэвч энэ цар тахлын асуудал юу болох нь уу. Гайгүй байгаасай л гэж бодож байна. Сериал хийх ч бодол байна. Гэхдээ зохиол гэдэг хэцүү. Сайн, сайн зураач, зураглаач нар бол Монголд байна. Санхүү болон зохиолын тал дээр л манай улс жаахан асуудалтай байна даа. Тэгээд одоо сайхан зохиол байгаад санхүү нь байвал хийгээд л баймаар байна шүү.
Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе. Уншигчдад хандаж юу хэлэх вэ?
Бид их цөхүүлээ, хоёр том гүрний дунд оршиж байна. Даяаршил гээд Монгол ахуй, Монгол үгийн сан хүүхэд багачуудын хэрэглээнд маш бага орон зайг эзлэх болж. Тэгэхээр эцэг эхчүүд бид л бага гэхгүй хүүхдүүддээ Монгол дуу шүлэг зааж өгч байх хэрэгтэй юм байна, өөрсдөөрөө дамжуулан тэдэндээ үлгэрлэх ёстой юм гэж бодох болсон. Ядаж л “Би монгол хүн”, “Би хаана төрөө вэ?” шүлгүүдийг хүүхдүүддээ хүчээр ч хамаагүй цээжлүүл. Бид ч бас гадны кино, сериалуудыг үзээд л оюун санаандаа өөрчлөгдөөд байгаа байхгүй юу. Тэгээд Монгол киногоо төдийлөн үзэхгүй. Хүүхдүүдээ Монголдоо хайртай хүн болгохын төлөө өчүүхэн ч болтугай зүйл хийгээрэй л гэж хэлье дээ.
Танд баярлалаа, амжилт хүсье.