2025/02/19
USD ₮
УБ 9°C
Startup
И.Эрдэнэчимэг: “Монголдоо болон Өвөрмонголын зах зээлд өөрийн бүтээсэн урлалаа нийлүүлж байна”
Д.Цацрал     2021-02-17 11:57     1840

Youtube –ээс хараад, өөрөө бие даан суралцаж, биенесээ эхлүүлсэн дээ”

Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байна уу? Намайг Ичинхорол овогтой Эрдэнэчимэг гэдэг. Би одоо 28 настай. Нөхөр, хоёр хүүхдийн хамт Эрдэнэт хотод амьдардаг.

Өөрийн эрхэлж буй бизнесийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Би Уламжлалт бариа заслын бага эмч мэргэжилтэй хүн. Харин одоогоор бол гэртээ хоёр хүүхдээ харангаа гар урлалын чиглэлээр бизнес  эрхэлж байна. Гар урлал дотроо Soutache болон шүр сувдан урлал гэсэн чиглэлээрээ дагнан гоёлуудаа хийдэг юм. Өөрийнхөө “Soutache Urlal Chimka”  хуудас, @Erdenechimeg Ichinkhorol гээд фэйсбүүк хаягаараа захиалга авч үйлчилдэг дээ. Мөн би “Soutache urlal Chimka online surgalt” гээд сургалт явуулдаг групп ажиллуулдаг. Soutache урлал гэдэг нь торгон утас ашиглан гоёл урлах төрөл юм. Торгон утсаараа төрөл бүрийн гоёлыг  хийх боломжтой. Хүний хэрэгцээнд тохируулаад  ямар ч төрлөөр хийж болдог гэсэн үг. Толгойн гоёл, бүс, ээмэг гээд хүнд юу хэрэгтэй байна, тэр болгонд нь уусаад, хөгжөөд явдаг урлал юм.

photo

photo

Анхны санаа хаанаас гарсан бэ?

Анх 2016 онд гэртээ хүүхдээ хараад сууж байхдаа Soutache гэж ийм урлал байдаг гэдгийг мэдэж авч байсан. Тухайн үед сургалтанд нь суух гэсэн чинь төлбөр нь өндөр байсан учраас сууж чадаагүй юм. Тэгээд өөрөө Youtube -ээс  хайж олоод, бие даан хийж сурч байлаа. Тэр үед Цагаан сарын өмнөхөн байсан учраас захиалга аваад Битүүний өдөр хүртэл захиалагчдынхаа гоёлыг хийж өгч байсан. Ингээд 5 дахь жилдээ гар урлал хийж байна.

Өнөөг хүртэлх хугацаанд ямар бэрхшээл, асуудлуудтай тулгарч байв?

Би анхнаасаа онлайнаар захиалгуудаа аваад эхлэж байсан. Бэрхшээлтэй асуудал гэх юм бол бэлэн бараа борлуулах лангуу олддоггүй хэцүү байлаа. Тэгээд бараагаа бөөнөөр нь борлуулах тийм шугам олдохгүй болохоор дандаа Wechat, Facebook зэргээр л захиалга аваад Монголдоо болон Өвөрмонгол руу захиалга хүргэж эхэлсэн юм. Зах зээл дээр өргөжих боломжгүй, өрсөлдөгч ихтэй учраас ерөнхийдөө онлайнаар л ажлаа хийж байна даа. Бусдаар бол гэртээ суудаг хүнд өөр хэцүү асуудал гараад байдаггүй юмаа.

photo

Чухам юунаас урам зориг авч урагшилдаг вэ?

Захиалагчдынхаа баярлалаа гэдэг үгийг сонсох л хамгийн сайхан урам зориг байдаг даа. Захиалагчид маань гоёлоо аван, зургаа дарж явуулаад, “ямар гоё юм бэ” гэж хэлэхээр баярлаад огшоод байдаг юм. Заримдаа нойр хоолгүй олон цагаар сууж хийнэ. Бүтээгдэхүүнээ хийж дуусаад харахаар хааяадаа бүр захиалганд өгөхөөс ч харам санагдах үе байдаг л юм. \инээв\ Мөн гэр бүлээсээ, захиалагчдаасаа, шавь нараасаа эргэн тойрон хүрээллээсээ маш их урам авдаг. Цаашдаа илүү гоё зүйлсийг хийнэ гэсэн урам орж, хүсэл эрмэлзлэлтэй болдог. Энэ бүхэн маань миний хүрээллээс л бий болж байгаа дэмжлэгийн хүчээр цаашаа явж байгаа шүү дээ. Хөдөлмөрийг маань хүмүүс их сайхан үнэлдэгт баярладаг. 2020 онд “Эрдэнэт Гэр бүл Залуучуудын төв” болон Орхон аймгаасаа “Эерэг бүтээлч хандлагатай залуу” гэдэг шагнал авлаа. Мөн саяхан буюу 2021 оны 2-р сарын 11, Битүүний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумаасаа “Шилдэг бичил өрхийн үйлдвэрлэгч” гэдэг шагналыг гардан авсан. Энэ бүхэн надад маш том урам зориг өгч байна даа.

photo  

Ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс танай ялгарах гол давуу талыг юу гэж хардаг вэ?

Мэдээж маш олон ижил төрлийн бүтээгдэхүүн байгаа. Миний хувьд давуу тал маань хямд үнэ гэж бодож байна. Ямар ч хүн аваад хэрэглэх боломжтой, дундаж үнийг би баримталдаг. Мөн дандаа шинэ загварууд гаргахыг зорьдог. Тэгээд нэг хийлгэсэн зүйл нь олон янзаар өөрчлөн хэрэглэж болохуйцаар бүтээгдэхүүнээ урлаж үйлчлүүлэгчиддээ хүргэдэг. Жишээ нь, нэг бүс авлаа гэхэд тэрийг дараа нь толгойн гоёл болгоод зүүж болдог гэх мэт. Мөн хамгийн  гол нь их захиалга аваад нэг дор бөөнд нь хийж өгөх чадвартай. Энэ нь манай хамгийн том давуу тал юм даа. Би их хурдтай хийх чадвартай гэж өөрийгөө боддог  Анхлан суралцаж байгаа хүмүүс 3 - 4 хоног хийдэг зүйлийг би 4-н цагийн дотор л хийж чаддаг. Их захиалгыг бол нэг өдөрт 3,4 ширхэгийг хийж чаддаг нь л миний давуу тал.  Энд тэндхийн оёдлын цехүүдтэй хамтарч ажилладаг, мөн Өвөрмонголоос захиалагчид их ханддаг. Тийшээ их хол зам туулж очдог болохоор захиалгаа гүйцэтгэх хугацаа их богинохон байдаг юм. Одоо бол маш олон шавьтай болсоон. /инээв/ Их захиалга дээр ганцаараа амжихгүй бол шавь нартайгаа хамт хийдэг. Энэ бас миний их том давуу тал  байж болох юм. Тэгээд байнгын борлуулалтын шугам нээгээд тэднийгээ дэмжээд, хамтдаа урагшилж байгаагаараа маш их бахархдаг даа.

photo

Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

Манай Эрдэнэт хотод гар урлал хийдэг маш олон ээжүүд бий. “Ээжүүдийг чадавхижуулах ТББ” гээд нэрийн дор бид хамтдаа явдаг юм. Тэдэнтэйгээ нийлээд Оёдлын салон болон дэлгүүртэй  болох юмсан гэдэг том мөрөөдөл тээж явна. Оёдлоо оёчихдог, дээл хувцас, гутлаа хийчихдэг, гоёл чимэглэл урлачихдаг, тэднийхээ туслах материалыг зардаг, тийм л цогц дэлгүүртэй болох юмсан гэж бүгдээрээ хүсч, тэмүүлж байна. Үүнд нь би ч бас тус нэмрээ оруулах юмсан гээд л явж байна даа.

photo

Баярлалаа, амжилт хүсье

Сэтгэгдэлүүд
Ээгий2021-02-17 12:40192.82.64.84
Амжилт хүсье
Ганболд2021-02-17 14:2166.181.161.81
Амжилт мундаг шүү
erdenechuluun2021-02-17 14:52202.9.46.55
Mundag shvv
Chingerel2021-02-17 22:01122.201.24.169
Amjil husie yostoi mundag
Sarantuya 2021-02-18 07:10202.126.89.204
Amjilt mundag bna
unshigch2021-02-20 15:25202.55.188.35
mundag busgui shuu
Аагий гийход2021-02-25 01:0859.153.87.222
Мундаг шүү найз минь үнхээр хөдөлмөрч бүсгүй шүү бахархаж явдаг шүү найзаараа
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.