2024/12/09
USD ₮
УБ 9°C
Нийтлэл
“Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” УСК-г үзэх 5 шалтгаан
Д.Цацрал     2021-10-11 11:16     1405

“BroSis pictures”, “Meguun media”, “Red Urban construction” -н хамтын бүтээл “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” УСК 10-р сарын 01 нд кино театруудаар нээлтээ хийснээсээ хойш үзэгч хүүхдүүдийн анхаарлыг ихэд татаж, шуугиан тариад байна. Киноны уран бүтээлчид нийслэлийн хүүхдүүддээ киногоо хүргэхээс гадна, Дархан, Эрдэнэтийн үзэгчдийнхээ хүсэлтээр тус хотуудад кино нээлтээ хийн, үзвэрээ эхлүүлээд иржээ.

Киноны тухай товч танилцуулга: Дотны найзууд болох Баатраа, Золбоо хоёр цоо шинэхэн адал явдалтай учрав. Сониуч зандаа хөтлөгдөн явсаар үлгэрийн орны үүдийг нээсэн Золбоо, хар хүчний шидэнд ховсдуулан, тэндээ үүрд үлдэж мэдэх "гацаа“нд" оржээ. Харин Баатраа хамгийн сайн найзынхаа араас яван, хар хүчний шидийг тайлан, найзыгаа аврахын тулд үлгэрийн ертөнцөд очиж, хамтдаа зүүдэнд  ч оромгүй адал явдалыг туулах болно. Үнэнч нөхөрлөл нь тэднийг аварч, хүний ертөнц рүү  буцаан явуулж чадах болов уу... “Найзууд хэцүү цагт хэзээ  ч нэгнээ орхидоггүй юм” хэмээн уйлан хэлэх Баатраагийн зориг зүрх, үзэгч хүүхдүүдийн сэтгэлийг ихэд догдлуулах ажээ.

photo

Ингээд үзэгчдийн сонирхолыг маш ихээр татаж байгаа “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” УСК- г үзэх шалтгаануудыг дурьдъя.

Үлгэрийн ертөнцөд өрнөх зүүдэнд ч оромгүй адал явдал

1990-ээд оноос хойш кино, дэлгэцийн салбарт бүр мөсөн орхигдоод байсан үлгэрийн сэдэв нь энэхүү киноны гол амин сүнс нь болжээ. Ид шид, мангас, хар хүчний домог, муу хүчний ховс... гэх мэт үлгэрт амилдаг бүхэн энэхүү кинонд цогцолжээ. Итгэл, зориг, нөхөрлөлийн хүчээр энэ бүхний эсрэг тэмцэх хоёр найзын адал явдал үзэгчдийн сонгон үзэх нэг шалтгаан болж байна.

photo

Эсрэг дүрүүд

Киноны бас нэгэн сонирхолтой өнгө төрх бол, Баатраа, Золбоо хоёрын нөхөрлөлийн мөн чанарыг шалгах эсрэг дүрүүд юм. Хар хүчний бэлгэдэл “Хар өвгөн”, үлгэрийн ертөнцөд таарах муу санаатнуудын хаан, хилэнцэт хар хорхой гэхчлэн адал явдалыг улам сонирхолтой болгох дүрүүд нь энэхүү киноны бас нэг том “чимэг” болжээ.

Графикийн ажлууд

Монголын кино урлагийн уран бүтээлчдийн төдийлөн зориглож хийдэггүй график дүрслэлийн ажлууд энэхүү киног мэргэжлийн өндөр түвшинд үнэлэгдэх хэмжээнд аваачиж чадсан юм. Элсэн Говьд гэнэт давалгаалан орж ирэх хүчтэй ус, газар чичиртэл гүйлдэн ирэх хилэнцэт хар хорхойн дайралт, өндөр уул хад дундуураа цууран онгойх дүрслэл, гэх мэтчилэн бодит амьдралаас огт өөрийг мэдрүүлэх үлгэрийн ертөнцийн онцгой үзэгдэлүүд нь үзэгчдийн сэтгэлд 100 хувь нийцэж байгаа нь энэхүү киног сонгон үзэх том шалтгаан болж байна.

photo

Байгалийн үзэсгэлэнт газрууд

“Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” УСК –ны зураг авалтын 70 хувь нь Дундговь, Өмнөговь, Хөвсгөл аймгийн нутаг дахь байгалийн дурсгалт газрууд буюу Хэрмэн цав, Хонгорын элс,  Ёлын ам, Хавцгайтын хад, Толь хад, Дүнгэнээгийн хавцал, Хорьдал сарьдагийн нуруу гэх мэт газруудад хийгдсэн гэнэ. Үүнээс харахад энэхүү киног сонгон үзэгчид Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт, дурсгалт газруудын сайхантай танилцаж, эх орноороо бахархах сэтгэлийг өвөрлөн гарч байгаа нь сайшаалтай.

Дүр хувиргалтын ажлууд

Үлгэрийн сэдэвт киноны онцлох давуу тал нь дүр хувиргалтын ажил байдаг. Үлгэрийн орны хаан, гүнж, “Хар өвгөн”, “Цагаан өвгөн”, мангасууд, дайчид гэх мэтчилэн содон хувиргалт бүхий дүрүүд нь энэхүү киног Монголын киноны хөгжилд нэгэн шат ахиулсан байгаа нь тод харагдана.

photo

Эцэст нь өгүүлэхэд гэр бүл, хүүхдэд зориулсан энэхүү бүтээл нь эцэг эх, хүүхэд хоорондын амьд харилцааг дэмжих, урлагаар дамжуулан эерэг сэтгэгдэл түгээж, шударга ёс, үнэнч нөхөрлөл гэдэг юутай ч зүйрлэшгүй нандин зүйл гэдгийг ухааруулж байгаагаараа кино шүүмжлэгчид болон, жирийн үзэгчдээс өндөр үнэлгээ авч байна.

photo

Сэтгэгдэлүүд
nomino2021-10-13 11:22202.55.188.33
❤❤❤❤❤❤
Х. Тэргэл2021-11-05 21:27202.126.90.54
Том амжилт
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.