
А.Батзул: “Эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд B&B даашинз өлгөөтэй байхын төлөө хүсч, хөдөлмөрлөж байна”
Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байна уу. Намайг А.Батзул гэдэг. Би одоо 25 настай.
Өөрийн эрхэлж буй бизнесийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
B&B брэндийг бүтээгээд охид бүсгүйчүүддээ даашинз, юбка зэрэг хувцас үлдвэрлэн хүргэж байна. Өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болгон ажиллаж байгаа учраас үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Багагүй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас боломжийн хэмжээнд тогтворжоод байна.
Анхны санаа хаанаас гарсан бэ?
Анхны санаа маань хайрын түүхтэй минь холбоотой гэж хэлж болно оо /инээв/ Одоогоос яг 4 жилийн өмнө би оюутан байлаа. Бизнес менежментээр сурдаг байсан юм. Оюутны маань шинэ жил удахгүй болох гээд. Даан ч авахыг хүссэн даашинз маань байдаггүй, байсан нь авч дийлэхгүй их үнэтэй байлаа л даа. Тэгээд нөхөртөө хэлэхэд би чамдаа ер нь өөрийн гараар оёоод өгье чи надад харин итгэж байна уу? “Хэрэв итгэж байвал надад чадахгүй зүйл үгүй ээ, би хийж өгнө” гэдэг байгаа. Тухайн үед түүнийгээ бага байхдаа ээждээ тусалж, оёж шидэж байсан гэж дуулсан болохоос, харж байгаагүй болохоор битүүхэндээ итгэж ядаад л байсан. Хааяа “өөртөө ийм юм оёсон” гээд л харуулдаг байсан ч ээж нь л оёсон байлгүй дээ гээд нэг л итгэж өгдөггүй байсан. Ингээд шинэ жил ч дөхлөө, хоёулаа материалаа сонгоод гэр лүү нь яваад, тэр маань ээжийнхээ хуучны орос машин дээр миний харуулсан загварыг оёод суулаа. Хэдхэн цагийн дотор миний хүсч байсан даашинз бүр хэд дахин илүүгээр миний нүдний өмнө бий болох нь тэр. Өмсөж үзээд нүдэндээ ч итгээгүй. Даашинз маань яг л сайхан таарч, бүр сэтгэл догдолж, нөхрийгөө бүр биширч билээ. Шинэ жилдээ ортол, олон охидын нүд уналаа. Найзууд маань ч “нөхөр чинь үнэхээр авъяастай юм байна, та хоёр ер нь ингээд оёод явбал ирээдүйтэй юм биш үү” гэж хэлж билээ. Ингээд нэг өдөр бид хоёр ярилцаж, хэлэлцээд тэр маань “миний багын мөрөөдлийг биелүүлнэ ээ, хоёулаа оролдоод үзье” гэж билээ. Би багадаа, 10-аад жилийн өмнө баахан загвар зураад, “эдгээр загваруудаа заавал бүтээж, зөвхөн өөрөө өмсөнө” гэж бичсэн тэмдэглэл маань байдаг юм. Харин нөхөр маань “би оёх мэргэжилийг эзэмшээгүй ч чадвар бол бий. Харин чи минь өмсөөд болох байхаа” гээд л хоёулаа олон эрсдэлийг тооцсон ч зоригтойгоор шийдэж билээ. Бидэнд санхүүгийн эх үүсвэр, оёдлын машины мөнгө үнэндээ байхгүй байлаа. Ингээд манай дүү 1 сарын хугацаатай 1 сая төгрөг зээлхээр болов. Тэгээд л гэртээ 2 оёдлын машин авч, бизнесээ эхэлсэн дээ. Загвараа гарган оёж, би өмсөөд, тэр маань зураг аваад л, онлайнаар тавьж эхлэхэд, төсөөлөөгүй их хүмүүс асууж худалдан авч байлаа. Ингээд л бид хоёрт маш их итгэл тэмүүлэл бий болж, хамтдаа бүхнийг давж туулан, зүтгэхээр шийдсэн юм даа. Тэгээд түүний минь чадвар, миний мөрөөдлөөр энэхүү бүтээлүүд маань бий болж буй учраас Батзул, Батболд хэмээх нэрнүүдийнхээ эхний үсгийг авч B&B гэж үйлдвэрлэлдээ нэр өгсөн.
Өнөөг хүртэлх хугацаанд ямар бэрхшээл, асуудлуудтай тулгарч байв?
Бидэнд бэрхшээлтэй зүйлс их тохиолддог байлаа. Даашинзуудаа оёод цүнхэндээ хийж аваад л, нэг захаас нөгөө зах хүртэл автобусаар, эсвэл хөтлөлцөж алхаад л захиалгаа хүргэдэг байлаа. Гэхдээ хоёулаа тэвчээд л “одоо ийм байгаа ч, энэ жаахан бэрхшээлийг давчихвал удахгүй унаатай болно, дэлгүүртэй болно” гээд л мөрөөдөөд ярьдаг байсан. Заримдаа алхаж, алхаж очоод хүргэлт хийхэд, “өө өөрсдөө оёдог юм уу”, “таалагдахгүй байна аа, болилоо” гэх хүмүүс ч таардаг байлаа. Яг оёдол хийдэг материал маань бас бүр тийм ихээрээ байдаггүй л дээ. Бид хоёр аль болох л чанартай хэрнээ загварлаг харагдах материал сонгодог юм. Тэдгээр материал маань хүссэн хэмжээгээр олдоцтой байдаггүй болохоор бас бэрхшээлтэй. Тэгэхээр шинэ гарч байгаа загварууд маань цөөн тоогоор гардаг гэсэн үг л дээ. Энэ тал дээр хэрэглэгчид маань жаахан гомдолтой л байдаг юм. /инээв/
Чухам юунаас урам зориг авч урагшилдаг вэ?
Эрхэлж байгаа энэ бизнес маань амьдралын минь гол хүчин зүйл, зорилго, мөрөөдөл, болсон тул бид хоёрт шантрах эрх байхгүй болсон. Мөн олон сайхан хэрэглэгчдийн маань урмын үгс биднийг байнга хурцалж байдаг. Хүмүүс “манай Монголчууд чинь ийм гоё хувцас хийдэг болчихсон юм уу, одоо гаднаас хувцас авах хэрэг байхгүй болжээ, үндэсний үйлдвэрлэлээ дэмжнэ ээ” гээд л сайхан үгс хэлдэг юм. Тэгж хэлэх бүрт нь улам урам зоригтойгоор урагшилдаг даа
Ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс танай ялгарах гол давуу талыг юу гэж хардаг вэ?
Бид бол эмэгтэй хүнийг таалагдсан даашинзаа аваад гангарчих чадалтай боломжтой байгаасай гэсэн үүднээс хамгийн боломжийн үнийг санал болгодог. Урдаас ирдэг даашинз хэд билээ, яг л тийм үнийг, магадгүй тэрнээс ч хямд буюу 40.000-60.000 н хооронд дундаж үнэтэй худалдаалдаг. Гэхдээ тэдгээр урдаас ирдэг даашинзнуудын хажууд сэтгэл зүрхээ шингээж урласан, мөн бусдаас онцгой харагдуулах дэгжин, хээнцэр, эмэгтэйлэг шийдлийг шингээж өгдөгөөрөө давуу талтай гэж боддог. Чанартай материалаар, биед хамгийн эвтэйхэн мөртлөө, хямд байх зарчмыг баримталж ажилладаг.
Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
Ирээдүйд бид үндэсний хэмжээний том брэнд гэх тодотголыг бий болгохын тулд шаргуу зүтгэж, хичээж байна. Бүсгүйчүүд маань @B&B Mongolian fashion пэйжээр дамжуулан бидэнтэй холбогддог юм. Эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд B&B даашинз өлгөөтэй байдаг, ямар нэгэн арга хэмжээ баяр ёслол гэхэд шууд л B&B даашинз бодогддог, тийм л хэмжээнд хүрэхийг хүсдэг. Мөн даашинзнаасаа салбарлаж цүнх, гутал, өдөр тутмын хувцас, эрэгтэй хувцас гээд л нэр төрлөө нэмэх мөрөөдөлтэй дөө.
Баярлалаа, амжилт хүсье