2024/12/09
USD ₮
УБ 9°C
Ярилцлага
О.Мөнхзаяа: “Хүн чинь үр хүүхдээрээ дамжиж, тэднээрээ үргэлжилж амьдардаг юм байна”
Д.Цацрал     2021-06-07 12:08     1546

Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Отгоны Мөнхзаяа гэдэг. Гэр бүл, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Уугуул нутаг минь Өмнөговь аймгийн Даланзадгад хот. АНУ-ын “Grand circle” аялал жуулчлалын корпорацийн Ази номхон далайн Африкийн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Миний анхны мэргэжил бол Англи, Орос хэлний багш юм. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсөөд, дараа нь Шихихутаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэж байлаа. Мэргэшсэн салбар чиглэлийн хувьд бол төслийн менежмент, бизнесийн удирдлагаар 20 гаруй жил ажиллаж байна даа.

photo

Таны хувьд хэдхэн хоногийн өмнө цоо шинэхэн номоо өлгийдөн авсан. Сэтгэгдэлээсээ хуваалцана уу?

Шинэ номоо өлгийдөн аваад яг 7 хонож байна. Мөрөөдөл биелнэ гэдэг шиг үнэхээр гайхалтай. Зүүдлээд байгаа юм шиг л мэдрэмж төрдөг юм байна. Энэ номыг бичнэ гэж 11 жилийн өмнөөс л мөрөөдөж, бодсон. Мөрөөдөл маань харьцангуй удаж байж ажил хэрэг боллоо. Миний хувьд жил бүр л мөрөөдлийнхөө жагсаалтыг гаргаад, түүнийг биелүүлэхийн төлөө хичээдэг юм. Гэтэл жилийн төгсгөлд үр дүнгээ эргээд харахаар дандаа л ном бичих ажил маань үлдчихсэн байдаг байв. Номоо бичиж ч амжихгүй, хүссэндээ хүрчихдэггүй, яасан урагшгүй юм бэ дээ гээд л өөрийгөө их голно. Гэтэл зориглоод, хичээсний үр дүнд өнөөдөр ном маань хэвлэгдээд, бүр нээлтээ хийчихлээ. Хүмүүс худалдаж аваад л, Мplus дээр тавиад, уншигчдад хүрч байгааг харах үнэхээр сайхан байна. Тэгэхээр бүр зүүдлээд байгаа ч юм шиг санагдаад гайхалтай байдаг юм байна.

“Амьдрал үзэсгэлэнтэй” номоо бичих болсон хамгийн том шалтгаан тань юу вэ?

Миний аав зохиолч хүн байдаг. Зохиолч аавтай болоод ч тэр үү багадаа аавынхаа номуудыг их уншиж өссөн. Хүн болж төрсний учир нь бүтээж, үлдээх ёстой гурван зүйл байх ёстой гэдэг үг байдаг шүү дээ. Ном бичих, хүүхэд өсгөх, мод тарих гээд. Яагаад юм бэ гээд бодонгуут, эдгээр зүйлс нь хүн өөрөө энэ хорвоо дээр байхгүй болсон ч гэсэн үргэлжилж, өөрөөс нь урт насалдаг учраас тийм утга учиртай байдаг юм байна. Энэ номоо ээждээ зориулж бичсэн. Хамгийн том шалтгаан нь энэ юмуу даа. Хүн чинь үр хүүхдээрээ дамжиж, тэднээрээ үргэлжилж  амьдардаг гэдэг. Тийм учраас миний ээжийн сургааль надаар хэрхэн дамжиж, үргэлжлэн амьдарч байгаа юм гэдгийг бодож, ээждээ зориулан энэхүү номоо бичиж, хэвлүүлсэн. Ер нь цаашдаа ном бичнэ гэсэн бодол байгаа.

photo

Амьдралыг хүн бүр л өөр өөрийн бодол, сэтгэхүйгээр дүгнэн харж, ярилцдаг. Харин таны хувьд чухам яагаад “үзэсгэлэнтэй” хэмээн цоллох болов?

Найзууд минь намайг хэзээ ч бууж өгдөггүй, мятрашгүй, өөдрөг үзэлтэй гэж хэлдэг л дээ. Амьдрал бол үнэхээр үзэсгэлэнтэй. Ер нь амьдралыг ямар өнцгөөс харна тэгж л харагддаг гэж хүн болгон хэлдэг шүү дээ. Миний хувьд амьдрал бол дардан шулуун, гайхалтай сайхан байсан учраас үзэсгэлэнтэй гэж нэрлэсэнгүй. Хүн болгоны л амьдралд сорилт, бэрхшээл, хагацал зовлон тохиолдож байдаг. Тэр бүхнийг даван туулаад эргээд харахад, амьдралыг хэр их үзэсгэлэнтэй байж вэ, гэдгийг мэдэрнэ. Ирээдүйд  ч гэсэн амьдралыг үзэсгэлэнтэй сайхнаар төсөөлөн, харж явбал хичнээн олон гайхалтай зүйлс тохиолдохыг бид мэдэхгүй. Тэр утгаараа ингэж нэрлэсэн юм. Энэ номондоо би өөрийн амьдралд тохиолдсон түүхүүд, алдсан, оносон бүх л зүйлээ сургамжит өгүүллэгүүд шиг бичиж оруулсан. Тиймээс  уншиж байгаа хүндээ бага ч атугай урам өгч, амьдралыг үзэсгэлэнтэй гэж харвал үзэсгэлэнтэй л болдог юм шүү гэсэн санааг ойлгуулахыг хичээлээ.

Тэгвэл алдаа онооноосоо суралцсаар өдий хүрэхдээ хязгааргүй их мөрөөдлийнхөө яг аль хэсэгт нь явна вэ?

Ер нь бол хүн мөрөөдөлтэй байх ёстой юм байна гэдгийг олон жилийн өмнөөс л ойлгосон. Мөрөөддөггүй хүн ч гэж юу байхав. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гээд, тийм ээ. Хүүхэд байхдаа малын бэлчээрт хонь хариулаад явж байхаасаа л би мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлүүд маань биелсэнийг бодоход, нэг том уулынхаа бэлээс нь жоохон дээшээ ахичихсан байна. Хүний мөрөөдөл хязгааргүй л гэдэг. Хүн гэдэг амьтан чинь насан туршдаа л суралцаж амьдардаг шүү дээ. Миний хувьд учраас сурч мэдье гэсэн мөрөөдөл, сурч мэдсэнээ бусдад түгээе гэсэн чин сэтгэлтэй. Үүгээрээ дамжуулаад хүмүүсийн амьдралыг өөрчилье гэсэн мөрөөдөлтэй учраас энэ мөрөөдөл рүүгээ л бага багаараа мацна даа.

Таны номноос ээжийн тань охиндоо зориулах их хайр, ухааныг олж уншсан. Харин та өөрийгөө ямар ээж гэж дүгнэх вэ? Магадгүй ээжийнхээ зааж сургасан, өвлүүлсэн бүхнийг хүүхдүүддээ үлдээхийг хүсдэг байх?

Хэр ээж вэ? гэдгийг минь миний хоёр хүү л хэлэх байхдаа. Хөвгүүд маань 19, 13 настай. Миний хувьд ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад гэртээ тэр болгон байдаггүй. Харин энэ ковидын буянаар 2 жил гэртээ суурин суучихлаа. Тэрнээс биш сүүлийн 16,17 жил би дандаа явдаг ажил хийсэн байна. Орон нутгаар ч, гадны улсуудаар ч явж ажиллаа. Жилийн талд нь бараг байдаггүй дээ. Тэгэхээр яг хүүхдийнхээ хажууд байж, өсч торниж байгааг нь хараад л, хамгийн баяртай, жаргалтай мөчийг нь бүгдийг нь хуваалцсан уу гэвэл бас үгүй юм байна. Тэр утгаараа сайн ээж биш байсан байж магадгүй. Гэхдээ хүүхэддээ зөв үлгэр дууриалал үзүүлэхийг үргэлж хичээдэг. Хүн мөрөөдөлтэй байх ёстой, зорьсондоо хүрэхийн төлөө хөдөлмөрлөж, зорилготой амьдрах хэрэгтэй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэхийг хичээдэг ээж болов уу гэж бодож байна. Ээжийн минь надад үлгэрлэсэн, бүр ой тоонд хадгалагдчихсан нэг зүйл бол ээж минь намайг хэзээ ч загнадаггүй, чи чадахгүй байна гэж хэлдэггүй байсан. Түүнийхээ оронд “миний охиноос өөр хэн чадах юм бэ” гээд асуухаар надад хариулт олддоггүй байлаа. Тухайн үедээ бол “яагаад би чадах ёстой юм, чадахгүй бол чадахгүй” гээд л зөрүүдэлдэг, эрх хүүхэд байсан л даа. Гэвч ээжийн минь тэр арга ухаан надад үлдээсэн том өв  байжээ. Хүн ер нь өөрөө л чадна гэж бодвол чадна. Өөр хэн чадах юм гэдэг тэр философи л надад үлдсэн. Тэгэхээр би ч гэсэн энэ философийг хүүхдүүддээ дамжуулж үлдээе гэж боддог. Гэхдээ чи заавал үүнийг чад гээд байх хэцүү. Хүүхэд бол өөрөөрөө л байх ёстой. Тэгэхээр “ээж нь ийм юм зорьж байгаа, энэ жилийн мөрөөдөл маань ийм байна. Та нар юу мөрөөдөж байна?” гээд би жил болгон хүүхдүүдтэйгээ, гэр бүлийн хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, санаа оноог нь сонсдог юм. Тэгээд, “ээжийнх нь мөрөөдөл ингээд биелчихсэн байна. Та нарын мөрөөдөл яаж биелэсэн бэ” гээд жил болгон дүгнэцгээнэ. Үүгээрээ дамжуулаад мөрөөдөж зорьж чадвал хүрдэг юмаа, чадна гээд бодож явахад болдог юмаа гэдгийг ойлгуулах зорилготой. Жишээлбэл,  сургууль төгсөхдөө, ном бичээд гаргахдаа ч тэр ямар нэгэн зорилгодоо хүрсэн мөч бүртээ хүүхдүүдээ дэргэдээ байлгаж, тэдэндээ харуулахыг хичээдэг. Энэ их чухал гэж боддог юм.

Дүүгийнхээ хувьд бүх л ертөнц нь болж, “аав ээж” хэмээн дуудуулдаг байсан гэх. Дүү нь одоо том эр болж, амьдралд хөл тавьжээ.  Ер нь хүнийг хайрлаж байгаагаа, түүнтэй үргэлж хамт байгаагаа хэрхэн зөв илэрхийлэх ёстой юм бол? Та юу гэж боддог вэ?

photo

Тэр чинь л миний амьдралын сургууль юм даа. Дүү минь одоо миний их багш болчхоод байгаа шдээ /инээв/. Монголчуудын “хайр нь дотроо, хал нь гаднаа” гэдэг үг чинь гайхалтай философи юм байна. Тэр үгийг л би амьдралынхаа түүхээр ойлгож байна даа. Анх бол хайрлаж байна, хамгаалж байна гээд их л буруу шийдвэрүүд гаргадаг байсан. Хүний хүсэл сонирхолыг нь, өөрийнх нь шийдвэрийг нь л хүндлэх ёстой юм байна. Тэр шийдвэр нь надад таалагдаж ч болно, таалагдахгүй байж ч болно. Заавал миний хүсч, мөрөөдсөнөөр миний хүүхдүүд, миний дүү явах албагүй. Тэгэхээр хайрлана гэдэг бол ерөөсөө тэр шийдвэрийг нь хүндэтгэх, өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэхэд нь араас нь дэмжиж өгөх, урамшуулж, зоригжуулах л юм байна. Тэрнээс биш эд материалаар хангах, эсвэл өмнөөс нь шийдвэр гаргаад байх бол ерөөсөө буруу.

Төгсгөлд нь асуухад, таны номноос уншигчид чухам юуг олж, харж, ямар мэдрэмж авч үлдээсээ гэж та хүсч байна?

Номыг маань уншиж байгаа хүмүүс маш их урам зориг хайрлаж байна. Анхны ном болохоор мэдээж хэрэг алдаа, мадагтай юм зөндөө л байгаа байх. Тэгсэн ч гэсэн урам хайрлаж байгаа уншигчиддаа маш их талархаж байна. Энэ номоо би ээждээ зориулж бичсэн болов ч нөгөө талаас 20 -иод жил олон улсын байгууллагад, дэлхийн хэмжээнд ажиллаж байгаа хүний хувьд багагүй туршлага байгаа гэж бодож байна. Тийм учраас Монгол залуучууд маань илүү хөгжөөсэй, дэлхий дээр өчнөөн олон боломж байдаг ч, тэр болгон зөв байдаггүй, боломж бүрийг шүүрч авах албагүй гэдгийг ойлгоосой. Харин үнэт зүйлээ зөв тодорхойлоод зөв чигт л явах ёстой гэдгийг багаасаа л ойлгочихвол их хэрэгтэй юм.Тэгвэл их хол замыг туулна, их өндөр зорилгод хүрч болно гэдгийг өөрийнхөө алдсан, оносон бүхэн дээрээсээ жишээлж хэлэхийг хүссэн. Саяхан миний номыг уншсан бүсгүй холбогдоод “би таны номыг уншаад их урам зориг авлаа. Би одоо НҮБ-д ажилд орох өргөдлөө өгөхөөр шийдлээ” гэж хэлж байсан. Тэгээд би “маш сайн байна, чи ажилд орох өргөдөл өгөөд, ярилцлаганд орох юм бол надтай нэг уулзаад ороорой” гэж хэлсэн. Тэгэхээр миний хувьд энэ мэтчилэн залууст урам зориг өгөх, шинэ санаа болохоор түүхүүд номондоо оруулахыг хичээсэн юм.

Танд баярлалаа, амжилт хүсье.

Сэтгэгдэлүүд
DR. ADITYA2022-08-04 13:30197.211.58.13
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Reply
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.