ХЭН НЬ “ЭТГЭЭД” вэ?
Сүүлийн жилүүдэд Монголын кино уран бүтээлчид олон төрөл жанраар уран бүтээлээ туурвиж, тэдгээрээс зарим нь улс болон дэлхийн хэмжээний фестиваль, наадамд бусад орны бүтээлүүдтэй эн тэнцүү өрсөлдөн, ажмилт үзүүлэх болсон. Тухайлбал “Хийморь” МУСК дэлхийн 30 орчим кино наадмаас шагнал хүртэж, Монголын уран бүтээлчдийн ур чадвар, чансааг дээгүүр үнэлүүлж чадсаныг бид мэднэ. Тэгвэл, “Хийморь” УСК-ны ерөнхий зураглаачаар ажиллаж, Монгол киноны зураг авалт, гэрэлтүүлэг, гүйцэтгэлийг олон улсад үнэлжүүлж чадсан СТА Б.Баатар дараагийн онцгой нэгэн уран бүтээлээ үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. Б.Баатар нь “Үргээлэг”, “Сүүн замын сахиул”, “Зориг” гэх мэт уран сайхны 40 орчим кинонд зураглаачаар ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч юм. Энэ удаагийн түүний триллер төрлийн бүтээл болох “ЭТГЭЭД” Монголын уран сайхны кино нь Монголын кино уран бүтээлчид гэрэлтүүлэг, зураг авалтын гүйцэтгэлээрээ ямар түвшинд хүрснийг олон улсад харуулах том зорилготой бүтээл болжээ.
Тус киног дэлхийн өндөр түвшний кино наадмуудад оролцуулахаар төлөвлөсөн гэдгийг кино багийнхан онцолж байна. Монголд төдийлөн хийгдэггүй төрөл болох сэтгэл зүйн триллер төрлийн “ЭТГЭЭД” МУСК-нд жүжигчин СТА Г.Эрхэмбаяр, СТА Н.Ялалт, МУГЖ Ж.Оюундарь ,залуу жүжигчин Г.Сэлэнгэ , Б.Бадамцэцэг нар гол дүрийг хамтран бүтээсэн байна. Үүгээрээ тун сонирхол татахуйц бүрэлдэхүүн болсоныг илэрхийлэх бөгөөд хүлээлт үүсгэх бас нэгэн шалтгаан болж байна.
Өнөөдрийн нийгэмд бидний анзаардаггүй ч зүгээр орхиж болохгүй хүнд сэдвийг тэд сонгон, бодит үйл явдал дээр тулгуурлаж зохиолоо бичсэн гэнэ.
Этгээд нэртэй энэ киноны хэн нь чухам “ЭТГЭЭД” нь байхыг тун удахгүй та, бид үзэх нь ээ.