
Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Төмөрбаатар овогтой Батжаргал гэдэг, 38 настай. Нөхөр 3 хүүхдийн хамт Эрдэнэт хотод амьдардаг.
Өөрийн эрхэлж буй бизнесийнхээ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
Гар урлалын чиглэлийг сонирхоод, 2015 оноос хойш тасралтгүй хийж байгаа. Өөрийн гараар, шүр сувд ашиглан юу л хийж болохоор байна, тэр бүгдийг хийхийн төлөө одоо хүртэл суралцаад явж байна. Шүрэн шанх, ээмэг, хүзүүний зүүлт, “soutache” урлал “bizer” гээд бүх төрлөөр хийдэг. Монгол үндэсний баяр наадам, цагаан сар гэх мэт баяруудад оёдлын салонтай хамтарч, мөн багш, шавь нартайгаа нийлээд хүмүүсээс захиалга аван ажилладаг. Дэлхийн өнцөг булан бүрээс л захиалга ирдэг, байнгын үйлчлүүлэгчидтэй болсон.

Анхны санаа хаанаас гарсан бэ?
Дөнгөж төрчихөөд 2,3 сартай байхдаа таньдаг охин маань фейсбүүк дээр захиалга авна гээд маш гоё хослолууд тавьсан байхыг харсан. Тэр нь надад үнэхээр таалагдаад, өөрөө хийж үзэхгүй л бол санаа амардаггүй. Ингээд тэр бүсгүйтэй холбогдож, сургалт авахыг хүссэн болов ч боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Тиймээс юм бүхний багш youtube-ээс л хайж, өөрөө сурахаар шийдлээ. Гэвч сэтгэлд маань нэг л хүрээгүй учир дахин багш хайгаад, аз болж надад үнэхээр сайн багш таарсан. Хийгээд удаагүй байхдаа сургалт явуулж байсан мундаг охин байлаа. Бид хоёр хоёулаа л нялх хүүхэдтэй, миний хувьд салахгүй зүүгдэж байж л энэ түвшинд хүрсэн дээ.
Өнөөг хүртэлх хугацаанд ямар бэрхшээл, асуудлуудтай тулгарч байв?
Бэрхшээл гэвэл энэ гар урлал маань өөрөө нарийн ажиллагаатай олон цагаар суудаг ажил учраас маш их ядрана. Гэрийн ажлаа, үр хүүхдээ бараг мартаж байж хийдэг. Бие өвдөөд, босох ч тэнхэлгүй болсон ч захиалагчаа уурлуулж гомдоохгүйн тулд заавал ажилладаг. Мөн захиалагчийн хүслээр урлая гэхээр материалын хомсдол үүсэх жаахан тиймхэн байдаг.
Чухам юунаас урам зориг авч урагшилдаг вэ?
Мэдээж хийсэн бүтээлээсээ л урам авдаг даа. Хийгээд дуусахад маш гоё, сэтгэл сэргээд л ирнэ. Тэгээд захиалагчдаа өгөхөд, тэд маань “100, 200 хувь таалагдлаа” гээд урмын үгээ илгээдэг. Үүнээс урам аваад, илүү сайхан зүйл бүтээхийг хичээдэг юм.

Ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс танай ялгарах гол давуу талыг юу гэж хардаг вэ?
Миний хувьд, юуны түрүүнд хэрэглэгч, захиалагчдынхаа сэтгэл ханамжийг л нэгдүгээрт тавьж, хичээж хийхийг зорьж байна. Нэг, хоёр зүүгээд урагдах, тасрах чанаргүй зүйл болох вий, болж өгвөл насан туршдаа эдэлж хэрэглээсэй л гэж хүсдэг. Мөн захиалагчидтайгаа эргээд уялдаа холбоотой байж, гоёл, чимэглэлд нь ямар нэгэн асуудал гарвал янзалж өгөх ч юмуу, үргэлж шинэ санаа оноогоо хуваалцаж байдаг юм.

Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
Гараар урладаг бүх зүйлийг хийж сурахыг хүсч байна. Нэг хүн ийм зүйл хийх гэсэн юм гээд зураг өгөхөд асуудалгүй хийж чаддаг, тийм хэмжээнд хүрэхийн тулд өөрийгөө дайчилж суралцаж явна даа. Мөрөөдөл бол том шүү дээ. Маш гоё том урлалын салонтой болох, тэндээ өөрийн гарын шавь нартайгаа том том бүтээл урлан, дэлхийн хэмжээний тансаг гоёлуудаа олонд таниулах хүсэл сэтгэлд маань багтаад л байгаа.

Баярлалаа, амжилт хүсье.
USD ₮
УБ 7°C





