2026/05/25
USD ₮
УБ 21°C
Бизнес
ZOOM бол 2020 оны BOOM юм
Б.Энхрийшагай     2021-01-14 12:48     1151

Zoom хэрхэн 2020 оны хамгийн шилдэг технологи болсон бэ?

Цар тахлаас өмнө Zoom-ын талаар мэддэг хүн тун цөөхөн байлаа. Дэлхий дахины бизнес эрхлэгчид цар тахлаас улбаалж ашиг орлогоо алдаж байхад, 2020 онд бусдаас цойлж гарч ирсэн компани бол яах аргагүй Zoom юм. Өмнө нь цөөн хүн л мэддэг байсан энэ app өнөөдөр айл болгоны хэрэглэдэг брэнд болжээ. Энэ app-ыг татаж авсан хүний тоо оны эхний улиралд 80 саяд хүрэв. Харин Энэтхэг улсад оны эхний гурван сард 6 сая удаа Zoom татаж, хамгийн том хэрэглэгч улс болсон юм.

Zoom-тэй холбоотой аюулгүй байдлын асуудал яригдаж эхлэхэд, үүсгэн байгуулагч Эрик Юань “Манай бүтээгдэхүүнийг хэдхэн долоо хоногийн дотор дэлхий даяараа ажиллах, суралцах, бусадтай харилцахдаа хэрэглэдэг болно гэж төсөөлөөгүй учир, бид ийм асуудал гарч болохыг тооцоолоогүй байсан” гэжээ.

photo

2020 оны эхний улирал Zoom-ийн хувьд сайхан эхлэл байсан бол хоёрдугаар улиралд тэд бүр үзүүлээд өгч. 2020 оны хоёрдугаар улиралд Zoom дэлхийн хамгийн олон удаа татагдсан (300 сая удаа) аппликейшн болж TikTok-ийг тоосондоо булжээ. App Store дээр ч Zoom 94 сая татан авалттай болж iOS үйлдлийн системтэй төхөөрөмж дээр ноёрхож эхлэхэд TikTok-ийн хандалт 71 сая л байв.

Ашиг орлогын тухайд оны эхний улиралд Zoom 328 сая ам.долларын орлого олж, өнгөрсөн буюу 2019 оны мөн үеэс 169 хувиар өсөлттэй гарсан бизнес болжээ. Ингээд Zoom-ын орлого хоёрдугаар улиралд 663 сая, гуравдугаар улиралд 777 сая ам.доллар болсон байна.

Тэгэхээр 2020 оны эхний хоёр улирал бол Zoom-ийн хувьд ашиг орлого, татан авалтаараа ч Boom байж чадлаа.

photo

Дараа нь юу болох вэ?

Дэлхий дахинд эрт орой хэзээ нэгэн цагт “энгийн” амьдрал буцан ирж, хүмүүс видео хурал, видео дуудлагаас хөндийрөх болно. Гэхдээ үүнээс ч илүү ирээдүй бий гэж үзэн Zoom компани төлөвлөгөөгөө гаргажээ. Тэд тун удахгүй Google, Microsoft-той цахим шуудангийн талбарт өрсөлдөхөөр шийдсэн байна. Мөн тэд хуанлийн үйлчилгээ гаргах тухай ч мэдээлэл байна.  

Zoom-ийн эзэн Хятад хүн

Zoom компанийн CEO Эрик Юань нь 1990-ээд оны дунд үед БНХАУ-аас АНУ-д цагаачилж ирсэн хүн юм. Коллежид байх үеэсээ л тэр технологийн тусламжтайгаар хүмүүс хаанаас ч, маш хялбараар хоорондоо видеогоор холбогдох боломжтой болно гэж итгэдэг байжээ. Ингээд бүр энэ бодолдоо гүнзгий автах болсон юм.

photo

Эрик Юань-Zoom компанийн CEO

Интернэтийн их тэсрэлтээс болж Юань АНУ-д ажиллахаар шийджээ. Тэрээр бүтэн хоёр жилийн туршид оролдож, найман ч удаа татгалзсан хариу авсны эцэст Америкийн виза гардан авч, 1997 онд Силикон хөндийд анх хөл тавьжээ. Ингээд тэр видео дуудлагын үйлчилгээг зах зээлд анх нэвтрүүлсэн компаниудын нэг болох WebEx-т инженерээр ажилд орсон байна. Эндээ 10 жил ажиллаж Cisco гэх компанийн мэдэлд шилжсэнийх нь дараа, инженерийн албаны дэд ерөнхийлөгч болтлоо албан тушаал ахисан байна. Түүний доор 750 инженер ажилладаг байсан бөгөөд жилийн орлого нь 800 сая ам.доллар давж, амжилттай ажиллаж байжээ.

Энэ үедээ тэрээр WebEх-ийн хэрэглэгчидтэйгээ уулзаж, санал гомдлыг нь сонсох дуртай байв. Ингээд тэрээр хэрэглэгчдийн хэлсэн бүх гомдлыг шийдэж, бүтээгдэхүүнээ сайжруулахыг хүссэн боловч энэ шийдвэрийг нь компанийн удирдлагууд дэмжээгүй байна.

Эцэст нь Эрик Юань нэлээд эргэлзсэн хэдий ч хэрэглэгчдээ баяртай, аз жаргалтай байлгадаг видео дуудлагын аппликейшн бүтээхээр шийдэн, ажлаасаа гарчээ. Ингээд 2011 оны 6-р сард Zoom компаниа байгуулсан байна Ингээд бүтэн хоёр жилийн турш бүтээгдэхүүнээ тестэлж, алдаа дутагдлыг нь зассаныхаа эцэст 2013 оны нэгдүгээр сард өнөөдөр бид бүхний хэрэглэж байгаа Zoom аппликейшнийг анх зах зээлд санал болгосон байна. Харин одоо тэрээр 2020 оны BOOM болсон ZOOM компанийг дэлхийд таниулж чаджээ.

photo

 

Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.