“Солонгосын К POP урлаг азаар дэлхий дахинд алдаршаагүй, энэ бол Засгийн газрынх нь сайтар боловсруулсан бодлого байсан” Кристин Ро

Зөөлөн хүчний бодлогын хамгийн амжилттай жишээ, хэрэгжүүлэгч орон өмнө нь АНУ байлаа. Тэд урлаг, уран сайхныг ашиглаж дэлхий дахинд үндэсний үйлдвэрүүд болох Levi’s жинс, iPhone, Marlboro тамхи, Coco-Cola ундаа, Холливуудын кинонуудаа амжилттай борлуулжээ. Харин өнөөдөр зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэх салбарын шинэ манлайлагч нь БНСУ болоод байна. Оны өмнөхөд буюу 12-р сарын 1-нд тус улсад “BTS-ийн хууль” гэх өвөрмөц нэртэй, Солонгосын урлаг, соёлын эрэгтэй одуудын цэргийн алба хаах үүргийг түр хугацаагаар хойшлуулах тухай хууль батлагдав. Тус улсын соёлын сайд биечлэн хүсэлт гаргаж урлагийн салбарын алдартнуудын цэргийн албанд татагдах хугацааг хойшлуулна гэсэн үг юм. Үүнээс өмнө дэлхийн хэмжээний тамирчид, сонгодог урлагийн одуудыг цэргийн албанаас түр чөлөөлдөг байсан ч “BTS” хамтлагийнхны ачаар одоо K POP одууд хуулийн ивээлд багтах боллоо.

“THE BEATLES” -ээс хойших анхны тохиолдол
Өөрсдийнхөө нэрээр хууль гаргуулах нөлөөтэй “BTS” хамтлагаар жишээ татъя. Тэд 2018 онд “LOVE YOURSELF” нэртэй аялан тоглолтоороо 57 САЯ ам. ДОЛЛАР -ын орлого олж (тасалбарын үнэ 400$), “Forbes” сэтгүүлээс танилцуулдаг дэлхийн шилдэг 100 алдартны 43-т бичигдэв. Тэдний сүүлийн жилүүдэд гаргасан амжилтыг энэ мэтээр ширхэгчлэн бичихэд хэдэн өдрийн хөдөлмөр шаардлагатай. Гэхдээ дэлхийн, тэр дундаа барууны хөгжмийн шилдгүүд өрсөлддөг “Billboard Hot 100” чартыг ганцхан жилд гурван удаа, өөр өөр уран бүтээлээрээ тэргүүлсэн гэдэг баримт хангалттай байж болох юм. Алдарт “Битлз” -ээс хойш ямар ч “BOY BAND” ийм амжилт үзүүлээгүй аж. Янз бүрийн насны 7 залуугаас бүрдэх тус хамтлаг дэлхийд хит болсон дуунууддаа үндэсний урлагаа сэмхэн шигтгэж, гадаадын үзэгч фенүүдийг нь Солонгос улс, Солонгосын урлагийг сонирхох сэдлийг төрүүлдэг нь, тэдний эх орноо гадаадад сурталчлан таниулах үүргээ биелүүлж байгаа хэрэг юм.

“BTS” ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ ХӨВГҮҮДИЙН ХАМТЛАГ
Алдарт “BusinessInsider” -т онцолсноор “BTS” хамтлаг нэг жилд эх орондоо дунджаар 3,6 тэрбум ам.долларын орлого оруулдаг байна. Ойрын 10 жилдээ тэд эх орондоо 37 тэрбум ам.доллар авчирна гэж “Hyundai” судалгааны хүрээлэнгээс тооцоолсон байна. Харин энэ тоо 2019 онд 507.9 сая ам.доллар болж өсчээ. Үүнд хамтлагийн нэрээр борлуулагддаг бүх л төрлийн бүтээгдэхүүн, аялан тоглолтын тасалбараас эхлээд орон нутгийн аялал жуулчлалд авчирсан орлого ч хамаарна. “BTS” -ийн уран бүтээлийг үзэж, Өмнөд Солонгосыг сонирхсон 800 мянган жуулчин ирсэн гэх мэдээ ч байгаа юм. Ингээд урлагийн менежментээр бизнест ч цахиур хагалж болохыг баталж “BTS” хамтлагийн ард бат зогсдог “Big Hit Entertainment” 2020 онд хөрөнгийн зах зээлд IPO гаргажээ. Тэд анх хувьцаа нэг бүрийг нь 135 мянган воноор санал болгосон бол нэгхэн сарын дотор 270 мянга буюу 253 ам.доллар болж үнэ нь өссөн байна. Зарим өдөрт тэдний нэгж хувьцааны үнэ 351 мянга болтлоо өсдөг байна. Оны өмнөхөн “Big Hit Entertainment” компанийн үнэ цэн 10 триллион вон буюу 8,5 тэрбум ам.доллар байв. Мэдээж хамтлагийн гишүүн бүр 68 мянган ширхэг хувьцаа, цаашлаад тус компанийн эзэд, ажилтнууд хүртэл энэ хувьцаанаас хувь хүртсэн байна.

“BTS” хамтлаг Солонгосын ерөнхийлөгчөө “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” -ийн шагнал гардах магадлалтай
Солонгосын урлагийн одууд орлогоосоо ихээхэн хэмжээний татвар төлж, улс эх орондоо хувь нэмрээ оруулдаг. Өмнөд Солонгосын татварын өдөр жил бүрийн 3-р сард болж, энэ үеэр Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг шилдэг татвар төлөгчдөд олгодог юм. Ингэхдээ Солонгосын урлагийн одуудаас хоёр хүнийг сонгож алдаршуулдагаас 2020 оны алдартнаар дуучин IU, мөн жүжигчин И Сео Жин нарт олгож байжээ. Харин 2021 оны энэ шагналын эздийг өмнөх оны санхүүгийн амжилтаар нь харгалзан “BTS” хамтлагийн гишүүдэд олгох болов уу гэсэн таамаг байна.

Зөөлөн хүчний бодлого буюу урлаг, уран сайхнаар дамжуулан дэлхийд танигдаж буй Өмнөд Солонгос улсын туршлагын зарим хэсгээс хуваалцахад ийм байна. Сүүлийн үед “Netflix” дээр ч Өмнөд Солонгосын олон ангит кинонууд ихээр гарах болсон нь 2019 онд хийгдсэн гэрээнээс үүдэлтэй. Эхлээд дуу хөгжим, харин одоо Солонгос драм дэлхий дахиныг, нэн ялангуяа барууны ертөнцийг байлдан дагуулж эхэллээ.
USD ₮
УБ 21°C





