
Монгол залууст мөрөөдөл бий. Тэд ирээдүйн Монгол эздийн өмнө хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй байхын тулд, мөрөөдлөө бодит болгохоор хичээнгүйлэн зүтгэж байна. Зарим зүйл бидний хувьд дэндүү холын санагдахаа байгаад уджээ. Дэлхийн алдартай тайз, уралдаан тэмцээнүүд, улс төрийн индэр, спортын танхимд Монгол хүний алдар цууриатахыг бид олонтай харав. Тэгвэл премьер лигийн ногоон дэвжээнээ тоглох Монгол хүнийг бид хэзээ харах бол. “Монгол хүн Английн хөл бөмбөгт” ТББ-ын тэргүүн Б.Амарсайхантай ярилцсаныг хүлээн авна уу.
Монгол хүн Премьер лигт төслийг санаачлан хэрэгжүүлэх ажил хийгдэж байгаа юм байна. Төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд сүүлийн 15 жил авто машины салбарт ажилласан. Гэхдээ ер нь бол хөлбөмбөгийг сонирхсоор ирсэн. Хүн яагаад хоббигоороо бизнес эрхлэж болохгүй гэж , Монголд энэ спортын бизнесийг хөгжүүлж болно шүү дээ гэж шийдсэний үндсэн дээр “Монгол хүн премьер лигт” төслийг эхлүүлээд ажиллаж байна. 2020 оны 1-р сараас эхлэсэн энэ төсөл маань бусдын адил туулах ёстой замыг туулаад явж байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлээд, “Монгол хүн Английн хөл бөмбөгт” ТББ -аа байгуулсан. Энэ төслийн хамгийн том зорилго бол Монгол хүн яагаад Европын лигт, тэр дундаа энэ Английн премьер лигт тоглож болохгүй гэж гэсэн бодлоос л төрсөн дөө. Тэгээд энэ бодлоосоо үүдээд Монгол хүүхдүүдийг бэлдэе гэсэн гол зорилготой энэ төслийг эхлүүлсэн юм. Ардчилал хөгжөөд сүүлийн 30 гаруй жил Монголд олон төрлийн спорт хөгжөөд явж байгаа боловч яг үнэндээ дэлхийн номер нэг спорт буюу хөл бөмбөгийн спортын хөгжил бидний санасан түвшинд хүрч чадаагүй л байна. Битүү хөл бөмбөгийн ордон, бэлтгэлийн төв байхгүй учраас залуучууд маань өвөлдөө форм алдах, тоглолт тасрах гэх мэт шалтгааны улмаас амжилт y, ахихгүй байгаа болов уу. Тийм учраас хөл бөмбөгийн битүү ордон барья, тэгээд олон залуусыг энэ гоё спортод дурлуулъя гэсэн үүднээс төслөө санаачлаад, ажил хэрэг болгохоор явж байна.
Зарим зүйл Монголчууд бидний хувьд мөрөөдөл төдий л өнгөрөх нь бий. Түүнтэй адил энэ төсөл хэр холын мөрөөдөл бол, магадгүй 10, 20 жилийн дараа Монгол залуус премьер лигт тоглож явахыг бид харах боломж хэр байгаа гэж бодож байна?
2021 онд Азийн хөл бөмбөгчдөөс Европт тоглож байгаа хөл бөмбөгчдийн үнийг гаргасан байгаа. Тэгэхээр бид Европын хөлбөмбөгийг хол гэж харахгүй байна. Яагаад вэ гэхээр Монгол залуучууд маань Монголын Хөл бөмбөгийн Холбоогоор дамжуулаад Европын Унгарт ч юмуу, Бушкешагийн академид тоглож байна. Жишээ нь, Ганболдын Ганбаяр гээд залуу Бушкен академид тоглож байгаа. Түүний зах зээлийн үнэлгээ нь 100 мянган евро буюу 300 гаруй сая төгрөгний үнэлгээтэйгээр Европын зах зээлд тоглодог. Мөн Европын клубүүдтэй Монгол улс харилцах боломж бий. Учир нь өнгөрсөн жил Мөнхсайхан гэж найз маань Италийн Эвентус академийн клубыг Монголд хичээллүүлж, эцэг эхчүүдээс тодорхой төлбөр мөнгийг нь аваад, Европын томоохон багш нараар сургалт явуулж, тухайн хүүхдүүдэд албан ёсны сертификат өгсөн ажил хийгдсэн. Тиймээс бид боломжтой л гэж харж байгаа.
Монголчууд багийн спортоор амжилт гаргах боломжгүй гэж манайхан ярьдаг. Тэр чиглэл рүү хийсэн хөрөнгө оруулалт, аливаа дэмжлэгүүд үр дунгүй байх нь ч бий. Харин таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
Монголчууд маань багийн спортод муу биш л дээ. Би бол тэгж боддоггүй. Түүхийг сөхөх юм бол Монголчууд дайн тулаан хийх, багаараа хамтарч тулаанд орох, дээрээс нь ойлголцол гэдэг зүйлээрээ бусдаас хамаагүй илүү гэж боддог юм. Гол нь Монголд энэ спортыг хөгжүүлэхийн тулд гадаадын өндөр хөгжилтэй орноос мэргэшсэн багш авчрах, гаднаас тамирчид ирж бэлтгэл хийх, дээрээс нь Монгол хүүхдүүд гадаадад очиж бэлтгэл хангах, мөн жилийн дөрвөн улиралд тоглох боломжийг нь бий болгож өгөх шаардлагатай юм. Эдгээрийг хангахад л манай төслийн гол зорилго оршиж байгаа юм л даа. Хөлбөмбөг бол спорт төдий зүйл биш. Ялангуяа дэлхий дахинд. Би өөрөө 2018 оны дэлхийн аваргаар Оросын 3 хотоор аялж байлаа. Тэр үедээ дэлхийн аваргын цэнгэлдэх хүрээлэнд нь ороод, бусад жуулчдын адил зочид буудалд нь бууж, хоол идэх, тиз авах, бэлэг дурсгалын зүйл авах гээд л тухайн оронд маш их хөрөнгө оруулалт оруулж байсан. Бусад жуулчид ч мөн ийм байдлаар явж байгаа шүү дээ. Тэгэхээр хөл бөмбөгийн ертөнцөд маш их мөнгө эргэлдэж байдаг гэсэн үг. Энэнд том компаниуд ч гэсэн их хөрөнгө оруулдаг. Тэгээд телевизийн контент, реклам гэх мэт зүйлээс маш их мөнгө олдог спорт шүү дээ. Тийм учраас премьер лиг төсөл хэрэгжээд үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр залуучууд маань жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийнэ. Тиймээс хөл бөмбөгийн спорт руу хүмүүс илүү дурлаж орох байх гэж би бодож байна.
Спорт заал барих газар, төсөв мөнгө, барилгын ажил гээд олон асуудлууд тулгарч байгаа байх. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Санхүү мөнгөний хувьд бол бусдын л адил асуудалтай тулгарч байна. Бүтэн жилийн турш төслөө олон нийтэд танилцуулах, үүнд хөрөнгө оруулах нь ямар ашигтай юм, яагаад бид нар үүнийг хийх ёстой юм гэдэг талаар олон нийтэд тайлбарлаад л яваад байгаа. Тэгээд жил гаруйн хугацаанд явсаны үр дүнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч “Сайхантөмөрт” гээд компани биднийг саяхан уулзъя гэж дуудсан. Энэ компанийн хувьд үүн дээр “өөрсдийнхөө хөрөнгөөр барьж байгуулаад өгье, тэгээд бид нар айхтар том компани биш учраас эрсдэлээ тооцоод танай энэ объектыг “Хаан” банкны барьцаанд тавиад, та нар үргэлжлүүлээд төлөөд яваарай. Бид бол барьж байгуулаад өгье” гээд маш сайхан санал тавьсан. Мөн “Алуко” гээд цонх үйлдвэрлэгч компани байна, HPS гээд Европоос зүлэг оруулж ирдэг компани бас манайхтай санал жишиж гарын үсэг зурсан байгаа. Энэ компани бол FIFA-гаас хүлээн зөвшөөрсөн хиймэл зүлгийг манай энэ төсөлд ямар нэгэн ашиг харахгүйгээр нийлүүлье, дараа нь тэгээд дагалдах тоног төхөөрөмж болох хаалга, хаалганы тор, зүлэг, зүлэгний тавилт гээд энэ бүхэнд маш их мөнгө яригддаг учраас энэ зүйлд маань туслаад, нэг мөсөн хийж байгаа юм чинь маш сайн юм хийе гээд бидэнтэй хамтарч ажиллах болсон.
Төрөөс дэмжиж ажиллах боломж бий юу?
Төрийн байгууллагуудын дэмжлэг бол одоохондоо алга байна. Гэхдээ Биеийн тамир, спортын улсын хороо бодлогын хувьд биднийг дэмжиж ажиллаж байгаа. Саяхан Засгийн газар шинэ зохион байгуулалтанд ороод Монгол улсын Засгийн газрын дэргэдэх тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын улсын хороо маань хуучин БСШУЯ-ны дэргэдэх байсан бол одоо шууд Ерөнхий сайдын мэдэлд очсон шүү дээ. Төрөөс уг нь дэмжих төдий биш бүр бодлогоор үүнийг хийх ёстой юм л даа. Гэвч өнөөдрийн бодит байдал дээр төрөөс дэмжээд явж байгаа юм алга л байна. Уг нь энэ чинь төрийн хийх ажил шүү дээ. Ядаж л “чи ингээд спорт заал барих гэж байгаа юм байна, бид чамд газар үнэгүй өгье, чи яахав хөрөнгөө гаргаад ажилла” гэдэг ч юмуу тийм боломж уг нь байх л ёстой. Гэтэл тийм юм байхгүй. Одоо тэгээд бид өөрсдөө газраа худалдаж авах болчихоод, хөрөнгө мөнгө гуйгаад л явж байна даа.
Ярилцлагын төгсгөлд спортоор хичээллэгч, спортыг дэмжигч залууст хандаж юу хэлэх вэ?
Хөл бөмбөгийн ордонд маань зөвхөн хөл бөмбөгөөр хичээллэхгүй. Хөнгөн атлетикаар хичээллэх боломжтой, доороо бялдаржуулах танхимтай, мөн боксоор хичээллэх ч нөхцөлтэйгөөр төлөвлөж байна. Хиймэл зүлгэн дээрээ үндэсний бөхөө ч барилдуулж болно. Резинэн шалаа тавиад Жудо, чөлөөт бөх барилдаж бас болох юм. Мэдээж энэ төслийг би ганцаараа санаачлаад явж байгаа боловч маш олон хөл бөмбөг сонирхогч, дэмжигч залуус, спортын клубүүд маань дэмжиж байна. Бид 6-16 насны бүх хүүхдэд үнэ төлбөргүй хөл бөмбөгийн хичээл орно гээд зорилгоо тавьчихаад байгаа юм. Мэдээж 50 хүүхэд ирлээ гэхэд 5 хүүхэд нь шигшигдээд үлдэх юм бол тэр хүүхдүүдээ яг мэргэжлийн түвшинд бэлдээд Европ руу ч юмуу том клубүүд рүү бэлдэх боломж байгаа гэж би харж байна. Сүүлийн үед Монгол залуус спорт руу их ордог болсон, бие бялдраа их хөгжүүлдэг болчихсон байна. Хөл бөмбөгийн спорт бол хүний тархийг ажиллуулдаг, ухаан гаргадаг, биеийн бүх булчин ажилладаг ухааны спорт. Хүн харахад зүгээр л бөмбөг өшиглөөд яваад байгаа юм шиг боловч толгойгоороо, ухаанаараа тоглодог спорт юм л даа. Тиймээс энэ спортоор хүн болгон хичээллээсэй, үүнийг дагасан бизнесүүд нь Монголд хөгжөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Тэгээд спортод сонирхолтой, спортыг дэмждэг, спортыг дэмжье гэсэн газартай хүн байх юм бол бидэнтэй холбогдоод хамтран ажиллаарай, бэлэн газар байвал боломжийн үнээр санал болгоорой гэсэн хүсэлт байна. Яагаад гэхээр, санхүү мөнгө, барилгын ажил нь шийдэгдчихсэн учраас бидэнд хамгийн гол тулгараад байгаа асуудал бол газрын асуудал л байна даа.
Баярлалаа, амжилт хүсье.