2026/05/25
USD ₮
УБ 21°C
Бизнес
Доналд Трампын бизнесийн бүтэлгүйтлүүд
Б.Энхрийшагай     2020-11-18 09:00     429

Трамп Эйрлайнс

Одоогоос 32 жилийн өмнө буюу 1988 онд Доналд Трамп агаарын тээврийн үйлчилгээний бизнест хөл тавьжээ. Тэрээр үйл ажиллагаагаа 27 жилийн турш амжилттай эрхэлсэн, Бостон, Нью-Йорк Вашингтон хотуудын хооронд цаг тутамд нислэг үйлддэг байсан Eastern Air Shuttle компанийг худалдан авсан байна. Нийт 17 ширхэг Бойнг 727 нисэх онгоц, гурван хот дахь онгоцны буудал зэргийг 365 сая ам.доллараар худалдан авав. Харамсалтай нь Трампыг худалдаж авахаас өмнө үйл ажиллагаа нь хэвийн байсан тус компани тун удалгүй түүх болсон юм. Трамп шинэ нисэх онгоцуудаа тансаг зэрэглэлийн болгох гэж шалыг нь агч модоор өнгөлж, суудлын бүсний түгжээг хромоор сольж, ариун цэврийн өрөөг нь алтан өнгөөр гоёжээ. Гэвч энэ удаад Трамп тавьсан бооцоогоо авч чадсангүй.

Хэрэглэгчид тус авиа компанийг боломжийн үнэтэй тул сонгон үйлчлүүлдэг байж. Тэдэнд энэхүү тансаг өөрчлөлт таалагдаагүйгээр барахгүй Персийн булангийн дайны урд жилүүдэд газрын тосны үнэ өссөний балагаар тасалбарын үнэ нэмэгдсэн нь компани ашиггүй ажиллахад нөлөөжээ. Ингээд их хэмжээний өрөнд орсон тул Трамп “Трамп Эйрлайнс” компаниа зээлдүүлэгчдийнхээ нэр дээр шилжүүлснээр энэ бизнесийн төгсгөл ирсэн юм.

“Трамп Моргейж”

2006 оны хавар буюу үл хөдлөхийн бизнест нэлээд туршлагажсаныхаа дараа Доналд Трамп моргейжийн компани нээхээ зарлалаа. Түүний хүү Доналд Жуниор тухайн үед Трампын Моргейжийн компани тун удахгүй АНУ-ын тэргүүлэх орон байр зээлдүүлэгч болно гэж таамаглаж байгаагаа зарласан юм. Харамсалтай нь тэд нэг жил хагасын дараа орон сууцны зээлийн компанийнхаа үүдийг барьжээ.

“Трампын Казино”

Трамп Энтертайнмент Ресортс компани 2009 оны 2-р сард гурав дахь удаагаа дампуурлаа зарлажээ. Тэртээ 1980-аад онд байгуулагдсан энэ компани Таж Махал, Трамп Плаза, Трамп Марина гэх Нью-Жерси мужийн Атлантик хотод байрлах гурван казиног эрхэлдэг байжээ. Гэтэл жуулчид Атлантик хот руу биш Пеннсилвани, Коннектикут мужийг зорьж, казинодох болсноор Трампын казино дампуурахад хүрчээ. Эдгээрээс гадна бизнес эрхлэгч Доналд Трамп өөрийн нэрээр та бидний сайн мэдэх монопольтой ижилхэн боловч үл хөдлөх хөрөнгийн бизнесийн сэдэвтэй тоглоомыг 2 сая хувь борлогдоно гэж 1989 онд гаргаж байв. Трампын тоглоом нэртэй энэ тоглоом төдийлөн амжилтад хүрэлгүйгээр мартагдсан ч 15 жилийн дараа алдарт “Apprentice” шоуны дараа дахин эргэн иржээ.

Үүгээр зогсохгүй Доналд Трамп стик, сэтгүүл, аялагчдад зориулсан цахим хайлтын системийн бизнес эрхэлж байсан түүхтэй. Бүр итгэмээргүй нь тэрээр 2005 онд Трамп нэртэй их сургууль байгуулсан бөгөөд магадлан итгэмжлэгдээгүй энэ сургууль нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байлаа. Үүнээс таван жилийн дараа тус их сургуулийн дөрвөн оюутан шүүхэд зарга мэдүүлснээр, их сургууль гэх статусаа Трампын энтерпрёнеруудын санаачилга болгон өөрчилсөн. Энэ арга нь төдийлөн амжилтад хүрээгүй тул нэг жилийн дараа буюу 2011 онд Трампын сургууль хаалгаа барьжээ. 2013 онд Нью-Йоркийн ерөнхий прокурор Трампын эсрэг оюутнуудыг залилан мэхэлсэн хэрэг үүсгэж, 40 сая ам.доллар нэхэмжилсэн түүхтэй юм.

Тайм сэтгүүлийн энэ нийтлэлд Трампын зөвхөн бүтэлгүйтсэн бизнесүүдийн тухай нийтэлсэн байна. Гэхдээ хүн амжилтад хүрэхийн тулд зөвхөн нэг чиглэлд ажиллах бус олон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй гэдэг. Эдгээрээс юуг ойлгож ухаарах нь уншигч таны хэрэг биз ээ.

Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.