“Том тоглоом” УСК-ы найруулагч Дугардондовын Болорцэцэг
“Хүүхдийн төлөө ажилладаг, тэднийхээ хайраар услагддаг хүн хэцүү зүйл тулгарахад даваад л гардаг юм”
Болорцэцэг гэж хүнийг хэдхэн үгээр тодорхойлон, уншигчдад танилцуулъя гэвэл, юу гэж хариулах бол?
Өөрийгөө тодорхойлъё гэвэл 2 хүүхдийн ээж, хүний сайн хань. Миний хувьд би өөрийгөө бурханаас заяасан даалгавартай яваа л гэж боддог. Тиймдээ ч хүүхдийн уран бүтээлтэй салшгүй холбоотой явдаг байх.
Урлагийн амьдрал, тэр дундаа, найруулагчийн мэргэжлийг сонгох болсон тухайгаа ярихгүй юу?
Эээж минь насаараа багш, сурган хүмүүжүүлэгч хийсэн хүн байдаг юм. Гэвч байга байхдаа жүжигчин болно гэж мөрөөддөг байсан юм гэнэ лээ. Үүнээсээ ч болсон юм уу ээж минь намайг жүжигчин хүний замналаар явуулсан юм. Мэдээж жүжигчин болно гэдэг тийм ч амар байгаагүй ээ. Харин ээжийн минь хэлсэн нэг үг миний амьдралыг бүтээж өгсөн гэж хэлж болох юм.
Гэр бүлийн хүн тань бас л урлагийн хүн. Ойлголцож, хамтран ажиллахад амар байдаг болов уу?
Нөхөр байнга тус болж, үргэлж дэргэд минь байдагт үнэхээр талархаж явдаг. Дээр үед олон сайхан дуунууд, шилдэг хамтлагууд байсан шиг орчин цагт ч хүүхдүүдэд зориулсан, тэдний хэлээр ярьсан дуу цөөнгүй гарсаар байгаад ч нөхөр минь хувь нэмэрээ оруулсан юм. Мөн бид хоёр ажил дээрээ ажлын ахмтрагчид байж, гэртээ гэр бүл, эхнрэ нөрөх байж чаддаг юм. Нэг ёсондоо ажил, амьдралаа ялгаж байгаа нь амьдралд аз жарглатай байх нөхцлийг бүрдүүлдэг гэж хэлж болох юм.
Нэг хэсэг гэр бүлээрээ гадны оронд ажиллаж амьдарсан байдаг, чахам яагаад явсан юм бэ, тэнд очих болсон зорилгоо биелүүлж чадсан уу?
Гэр бүлээрээ Ирланд улсад ажиллаж амьдарч байлаа. Хүний нутагт янз бүрийн л ажил хийж үзсэн дээ. Тэндээ бага хүүгээ төрүүлж байлаа. Тэнд байхдаа бид амьдралын үнэнийг, жинхэнэ үнэ цэнийг ойлгож ухаарч билээ. Ханьтайгаа хамт тэнд байхдаа нэг баг болж, бие биенээ илүү ойлгож, таниж авсан байх гэж боддог. Амьдралд хөл алдахгүй, зоригтой, тэвчээртэй, хөдөлмөрч байдалд дурлах болсон минь биелүүлж чадсан хамгийн том зорилго минь юм болов уу даа.
Хүүхдийн цуврал уран бүтээлээрээ аль хэдийнэ олонд танигдаж, үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн байна, ер нь Том толгойтын адал явдал цувралын анхны санаа хаанаас гарсан юм бэ?
Урлагийн сургуулиа дөнгөж төгсөөд удаагүй байтал нэг өдөр ээж минь хамаатныхаа хүүхдүүдийг тойруулчихсан нэг их цус нөж болсон кино үзээд сууж байлаа. Тэгэхдээ “Хүн гэдэг чинь хүүхдээс л эхтэй” байдаг. Гэтэл бид чинь хүүхэд багачууддаа юу л үзүүлж өсгөж байна даа. Эдэнд зориулсан олигтой юм гэж ер нь алга аа” гэж хэлсэн. Энэ үг л анх намайг юу хийх ёстойгоо ойлгоход тусалсан гэж боддог юм. Тэгээд л хүүхдэд зориулсан уран бүтээлийн судалгаагаа эхлэсэн дээ. 1990- ээд оноос хойшоо л гэхэд хүүхдэд зориулсан зүйлс дэндүү цөөн байсан нь сэтгэл эмзэглэхэд хүргэсэн юм. Анхны уран бүтээлээ хийхдээ орчин үеийн тухай, хүүхдүүд юу үзэж сонирхож байгаа талаар судлахад нилээдгүй цаг зарцуулсан.
Монголын хүүхдүүдэд үзэх юм алга гэж бид ярьдаг. Үүний шалтгаан юу юм бэ?
Хүүхдийн уран бүтээлийн хувьд хэдэн мянгаараа урлагийн их сургуулийг төгсөж, уран бүтээлийн замд хөл тавьж байгаа ч мөнгөнөөс болоод хүүхдэд зориулсан зүйлс хийж чаддаггүй юм болов уу гэж би хардаг. Дээрээс нь эцэг эхийн харах өнцгөөс ч бас хамаардаг байх. Гадаадын соёлд хүүхдээ хэт нэвтрүүлж, Монгол л гэвэл “хог” гэж хүүхэддээ зааж сургадаг эцэг, эх ч байна. Гэтэл гадаад соёл, Монгол соёл гэдэг хоорондоо тэс өөр, ялгаатай зүйл. Хүүхдийн хүмүүжилд хүртэл гадаад соёлын нөлөө их орж ирээд байна л даа. Тэгэхээр магадгүй эцэг эхчүүд өөрсдөө Монгол бүтээлээ дэмжээд, сонгоод өгвөл тэр хэрээрээ уран бүтээлчдэд итгэл үнэмшил төрнө өө л гэсэн үг юм.
Тэгвэл Монгол хүүхдүүдээ үзэх юмтай болгохын төлөө хичээж зорьж яваа та бүхний зам хэр бартаа саадтай байна?
Миний хувьд яагаад хүүхдийн уран бүтээл хийх гээд итгэл дүүрэн яваад байна вэ гэвэл, үзэгч хүүхдүүд минь байнга хамт байдагт л гол учир нь байгаа юм. Хүүхдүүд том хүний кино үзэхийг хүсэхгүй байна. Хүүхдүүд өөрсдөдөө зориулсан зүйл хийхийг хүлээж байгаа нь хамгийн чухал. Монголчуудын нэг буруу үзэл нь хүүхдийн уран бүтээл, хүүхдийн ном, гээд ер нь л хүүхэдтэй холбоотой гэхээр л ашиг олохгүй, цааш дэвшүүлэх боломжгүй гээд харчихсан байдаг. Гэтэл үүнд мөнгө хамгийн чухал гэж авч үзэхээс илүүтэйгээр хүүхдүүд сайхан уран бүтээл үзээсэй, түүнээсээ аз жаргал баяр баясалыг олж аваасай гэдэгт огт анхаарлаа хандуулахгүй байна. Хүн бас хийж байгаа зүйлээсээ урам авч явах нь нэг бодлын ажлыг цаашид тууштай хийхэд дэм болдог юм байна. Бидний хувьд энэ цувралыг бүтээхдээ нөр их хөдөлмөр шингээн ажиллаж, сэтгэл зүтгэлээ зориулсаны хариуд цааш алхах урамыг олж аван, өөрсөддөө улам итгэлтэй болоод байна. Тэгэхээр ажил хийж байгаа хүн ажлаа аз жаргал л гэж харах хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн уран бүтээл хийж байгаа миний хувьд энэ салбарт зүтгэснээрээ ажлаа илүү гэгээлэг, сайхан энергитэйгээр хийж чаддаг даа.
Хүүхэдтэй ажиллах ер нь хүнд байх даа?
Уран бүтээлийн тал дээр хүүхэдтэй ажиллана гэдэг том болсон хүнтэй ажиллахаас тэс өөр зүйл л дээ. Тэгэхээр магадгүй энэ салбар хамгийн хэцүү нь гэж хэлж болно. Өөрийнхөө юу мэдэрч байгааг яг тэр хэвээр нь хүүхдэд ойлгуулж, ярилцана гэдэг чадвар сайтай хүний л хийх ажил. Миний хувьд энэ төсөлд маань хүүхдүүд минь минь тоглодог болохоор энэ нь маш том давуу тал болдог. Хүү минь надад бусад хүүхэдтэй хүүхдүүдтэй ойлголцоход, бодсон үгээ шулуухан хэлэхэд үргэлж тусалдаг.
Зарим хүмүүс хүүхдийн уран бүтээлийг харахдаа хүүхдээр бизнес хийлээ гэж сөргөөр хүлээж авах хандлага ажиглагдаад байдаг, энэ талаар юу гэж боддог вэ?
Би өөрийгөө хүүхдээрээ бизнес хийж мөнгө олж байна гэж хэзээ ч харж байгаагүй. Харин ч хүүхэд насыг нь аз жаргалтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд нь тусалж байна гэж боддог. Ер нь тэгээд амьдралдаа тиймэрхүү сөрөг хүмүүстэй цөөхөн учирч байсаан. Учирсан ч юм боддоггүй, анхаарал хандуулдаггүй болохоор сэтгэлээр ер унаж байгаагүй. Өөрийгөө ч гэсэн тодорхойлоход эрсдэлд дуртай, зоригтой хүн л гэж хэлнэ. Угаасаа найруулагч хүн хэлэх гэснээ хэлчихдэг, хийе гэж зориглосноо хийдэг, шийдэмгийн зан чанартай байх ёстой гэж би боддог гэж хэлнэ.
Эмэгтэй хүний хувьд найруулагчаар ажиллах, ажил амьдралаа тэнцүүлэн авч явна гэдэг амаргүй л даваа. Саад бэрхшээл их л учирч байсан байх даа.
Тэгэлгүй яахав ээ, заримдаа хаяад явмаар, больё гэж бодмоор өдрүүд таарч л байдаг юм. Гэхдээ тэр бодлууд маань хоромхон зуурынх л байдаг даа. Нэг л мэдэхэд тайвширчихсан, ажилдаа орчихсон л гүйж явдаг юм. Манай нийгэм чинь эмэгтэй хүнийг ажилгүй юм шиг амьдарч, амьдралгүй юм шиг л ажиллахыг шаарддаг шүү дээ /инээв/ Гэхдээ ажилдаа дуртай хүн чинь дороо цэнэг аваад л босоод ирнэ. “Том 6 н толгой” киноны үеэр хөл хүнд болчихоод, овоо хэдэн сартай байхдаа хүүхдээ алдаж байлаа. Тэр үе мэдээж хүнд. Гэхдээ хүн өөртөө итгэлтэй, хажуудаа түшигтэй ханьтай байвал босоод л ирдэг юм билээ. Хүүхдийн төлөө ажилладаг, тэднийхээ хайраар услагддаг хүн хэцүү зүйл тулгарахад даваад л гардаг даа.
Мөрөөдөл, зорилгынхоо яг аль хэсэгт нь явж байна?
Одоогоор сургуульд явна, үргэлжүүлж суралцана гэсэн зорилго тавьчихсан байгаа. Ер нь кино урлагт мэргэжлийн хүн ажиллаж, зүтгэж байж л гайхалтай бүтээл мэндэлдэг гэж би боддог. Тиймдээ ч уран бүтээлчид зогсолтгүй суралцсаар байх хэрэгтэй болдог.
Энэ киног үзэх хамгийн том шалтгааныг та юу гэж дурьдах бол?
Хамгийн гол нь амьд харилцаа гэж хэлмээр байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулаад кино театрыг зорин ирэх замдаа хүүтэйгээ, охинтойгоо чин сэтгэлээсээ ярилцан, тэднийхээ юу хүсч мөрөөдөж байгааг чих тавин сонсоосой. Ингээд хамтдаа кино театрт баяр хөөр дүүрэн ирээд манай киног үзвэл, нэгэн өдрийг гайхалтай дурсамж дүүрэн өнгөрүүлэх болно гэж би амлах байна.