
“Harvard Business Review” сэтгүүлийн редактор Alison Beard эмх цэгцтэй амьдралын зөвлөх Merie Kondo-той ярилцсаныг хүргэж байна.
Японд оюутан байхдаа Кондо найзуудынхаа гэрийг цэгцэлж өгдөг байжээ. Харин хүний нөөцийн агентлагт худалдааны зөвлөх хийж байх үедээ үйлчлүүлэгчдийнхээ ширээг цэгцэлдэг байв. Ингээд “Өөрт тань баяр хөөр төрүүлдэг зүйлсийг л авч үлд” гэсэн уриа үгээ зохиожээ. Энэ уриа үг нь Конмари гэх маш амжилттай бизнес болон өргөжин хөгжиж, өндөр борлуулалттай хэд хэдэн номоо хэвлүүлсэн юм. Одоогоор дэлхийн 43 оронд 400 гаруй зөвлөх КонМари бизнесийн сургагч, зөвлөгч гэсэн гэрчилгээ авч ажиллаж байна. Түүний хамгийн сүүлийн “Joy at Work” ном нь ажлын байрны эмх цэгц, баяр хөөрийн тухай өгүүлжээ.

Цэвэр цэмцгэр байх таны хүсэл, ажлын карьер байж болох юм гэдгийг хэзээ ойлгосон бэ?
19 настай байхдаа найзуудынхаа гэрт зочлохдоо гэрийг нь цэгцэлж өгөх дуртай байлаа. Удалгүй найзуудын минь дунд Мэри ирээд явахад манайх маш цэгцтэй болдог гэх яриа тархсан юм. Тэгээд л миний огт танихгүй хүмүүс холбогдож, миний үйлчилгээг төлбөртэй авъя гэдэг боллоо. Хүний нөөцийн агентлагт ажилладаг байхдаа жижиг, дунд бизнесүүдтэй нягт ажиллана. Би тэдний оффист очих болгондоо л цэгцэлж өгдөг байлаа. Захирлууд нь үр дүнг нь харж мэдрээд л ажлын байраа цэгцлүүлэхээр хөлсөлж эхэлсэн. Анхандаа өглөө эрт, эсвэл амралтын өдрүүдээр нэмэлт орлого олох байдлаар хийдэг байлаа. Нэг л өдөр хуанлигаа хартал ажлын цагаас бусад бүх цагт гэр орон цэгцлэх ажлын захиалгаар дүүрчихсэн байгааг хараад энэ бизнест орон зай, маш их эрэлт хэрэгцээ байгааг анх харсан.
Бусад мэргэжлийн цэгцлэгчдээс та юугаараа ялгаатай вэ?
Миний ажлын процесс, үйл явц бол ямар эд зүйл чинь таны амьдралд баяр хөөр, утга учир нэмж байгааг харах, тийм биш эд зүйлсэд баяртай гэж хэлэх, тэгээд авч үлдсэн зүйлдээ талархах гэж явагддаг. Миний хувьд энэ ажил зүгээр л аливаа зүйлсийг эмхэлж, цэгцлэхээс ялгаатай.
Та өмнө нэг удаад зөвхөн нэг харилцагч авдаг байсан бол яагаад гэнэт ном бичиж, бусад зөвлөхүүдийг сургах болов?
Үнэндээ тухайн үед миний захиалагчдын дараалал бүр зургаан сарын хүлээх жагсаалтад орчихоод байв. Бусад ирээдүйн захиалагчид маань удаан хүлээж чадахгүй, хичээл болгоод хуваалцаач гэдэг байлаа. Тэр үед би ном бичих талаар туршлагагүй, энэ талын ур чадваргүй байлаа л даа. Тэгээд би ном хэрхэн бичих тухай заадаг зургаан сарын курсэд сурсан. Дараа нь номынхоо саналыг хэд хэдэн хэвлэлийн компанид тавьсан л даа. Тухайн үед Японоос гадна өөр олон улсад миний хүсэлтийг хүлээн авсанд би их гайхсан. Тэгээд л “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба, түүний гайхамшигт ид шид” ном гарсан. Одоо дэлхийн хэд хэдэн улсад КонМари-ийн зөвлөхүүд ажиллаж байна.
Гэнэтхэн алдар нэртэй хүн боллоо. Та үүнд хэрхэн дасан зохицож байна вэ?
Үүнийг би юу гэж хардаг вэ гэвэл энэ бол алдар нэр биш юм. Энэ миний тухай, хэн нэг хүний тухай биш харин гол санаа маань түмэнд хүрсэн хэрэг. Хүмүүс миний мессежийг сэтгэл хөдөлгөмөөр, хүчтэй гэж бодож, сонгож авдаг. Энэ нь гол үнэ цэн нь юм. Хүмүүс намайг мэдээж эмх цэгцийн эксперт гэж үздэг. Жишээлэхэд би кафед сууж байлаа гэхэд хүмүүс намайг хараад юу ч бодолгүйгээр ширээн дээрхээ цэгцлээд эхэлдэг. Тэд намайг хараад жаахан дарамт мэдэрдэг байх. Заримдаа иймэрхүү юм болдог. Бусдаараа бол хүмүүст танигддаг болсон маань надад сөргөөр нөлөөлөөгүй.
Таны бэлтгэсэн зөвлөхүүд яг тань шиг ажилдаа сайн гэдгийг та яаж баттай мэдэж байна вэ?
КонМари- ийн зөвлөх болох хялбар биш л дээ. Тест өгнө, монитор хийнэ гээд олон алхам байдаг. Зөвлөхүүд ямар арга нь үр дүнтэй байна, ямар нь болохгүй байна гэдэг талаар мэдээлэл солилцож байдаг. Хоорондоо ийм нягт холбоотой хүмүүс баримталдаг стандартаа маш өндөр байлгаж чаддаг.

Та өөртөө ажиллах хүмүүсийг яаж сонгодог вэ?
Миний хувьд тэр хүмүүсийн дотоод зорилго, даалгавар нь КонМари- ийн философитой зохицох нь их чухал. Тухайлахад зорилготой, зүрх сэтгэлээ сонсдог, өөрт нь баяр хөөр төрүүлдэг амьдралыг сонгож амьдардаг байх зэрэг.
Олон орны хүмүүстэй ажиллахад та юу сурсан бэ?
Япон үйлчлүүлэгчидтэйгээ олон үг солилцохгүйгээр л бие биенээ ойлгодог нь нэг улс, нэг арал дээр амьдардаг учраас гэж боддог. Барууны үйлчлүүлэгчидтэй ажиллахад их өөр. Би илүү их тайлбарлах болдог. Жишээ хэлье л дээ. Японд бол өөрт баяр хөөр авчирдаггүй эд зүйлсийг хаяхдаа та энэ эд зүйлдээ талархлаа илэрхийлээрэй гэдэг. Япончууд яагаад гэж асуудаггүй. Харин Америкчууд “Надад баяр хөөр төрүүлдэггүй зүйлд яах гэж талархах юм бэ” гэж асуух жишээний. Тэгээд л тайлбарлана даа.
Таны үйлчилгээ сайн боллоо гэдгийг та яаж мэддэг вэ?
Үйлчлүүлэгчтэйгээ бид хоёр нэг зорилготой, бид тэр зорилгыг биелүүлэхийн төлөө хамтран ажиллана гэдгээ эхлээд ойлгож, хүлээн зөвшөөрдөг. Хүн бүр хоорондоо ялгаатай. Мөн би тухайн хүнийг ямар эд зүйлсдээ дуртай, ямар эд зүйлс нь өөрт нь баяр төрүүлж байгааг мэдэж байхыг хүсдэг. Аливааг хаях эсэх талаар эргэлзээтэй, хэцүү мөч тулж ирэхэд хийх хамгийн чухал зүйл нь дахиад ярилцах юм. Бидний өнөөдрийн зорилго юу билээ гэдгийг санах. Яагаад энэ бүхнийг эхэлсэн бэ гэдгээ эргэн санах нь ихээхэн чухал юм.
Эмх цэгцтэй байх тал дээр асуудалтай хүмүүст та юу хэлэх вэ? Нэг цэгцэлснийхээ дараа муу зуршил руугаа хальтрахгүйн тулд яаж сэрэмжлэх вэ?
Эхлээд би тэдэнд яаж эмх цэгцтэй байхыг сураагүй бол цэвэрлэж чадахгүй гэдгийг сануулна. Цэвэрлэнэ, цэгцэлнэ гэдэг бол ур чадвар. Би төрөлхийн л цэвэр цэмцгэр байх чадваргүй гэсэн үзэл бодлоо хаях хэрэгтэй. Хоёрдугаарт юу хаях вэ гэдэгтээ биш юугаа хадгалж, авч үлдэх вэ гэдэгтээ илүү анхаарах. Тэгээд эцэс сүүлд нь КонМари аргыг дагаж, нэг дайралтаар цэвэрлэнэ. Өөрийнхөө эд зүйлсийг категорит хуваана. Хадгалж үлдэхээр шийдсэн бүх эд зүйлс чинь өөрийн гэсэн байрлах байртай байх ёстой, байхгүй бол тавих байр гаргана. Эмх замбараагүй, новш ихтэй байна гэдэг бол аливаа зүйлийг байх байранд нь буцааж тавиагүйгээс л үүсдэг.
Та эмх цэгцгүй, хог новш ихтэй байхдаа аз жаргалтай байдаг хүнтэй таарч байв уу?
Би хэзээ ч гэрээ эмх цэгцтэй болгосныхоо дараа өмнөх байдлаа санасан хүнтэй таарч байгаагүй. Гэхдээ өөрсдийнхөө амьдралд, эдэлж хэрэглэж байгаа их хэмжээний эд зүйлдээ сэтгэл хангалуун, эмх цэгцэнд оруулж өгөх хүний туслалцаа хэрэггүй, тийм туслалцаа хүсэхгүй хүмүүстэй таарч байсан.

Таныг эмх цэгцтэй, элдэв хэрэгцээгүй эдлэлгүй байхыг уриалдаг хүн хэрнээ өөрөө гэр ахуйн бүтээгдэхүүн гаргасаныг чинь олон хүн шүүмжилсэн. Та ямар хариулт өгсөн бэ?
Би хэлдэг зүйлээ өөрчилж байгаагүй. Би “өөрт чинь баяр хөөр төрүүлдэг эд зүйлсээ авч үлд ээ” гэж хэлдэг. Миний туршлагаар бол гэр ахуйн хэрэглээний эд зүйлс хүнд баяр хөөр төрүүлж чаддаггүй. Тэд гэрээ эмх цэгцтэй байлгахад ямар нэг байдлаар тусалдаг ч баяр хөөр төрүүлдэггүй. Тиймээс л би миний цахим хуудсанд байгаа бүтээгдэхүүнүүд энэ асуудлыг шийдэж чадна гэж бодсон. Энэ дүрэмд нийцэж байгаа бол та бараа, бүтээгдэхүүн худалдаж авч болно. Гэхдээ аваад хэрэглэхдээ баяртай байх ганцхан зүйл аваарай. Гэхдээ хэт их зүйл худалдаж авах хэрэггүй. Мөн шинээр юм худалдаж авахаасаа өмнө гэрээ цэвэрлэж, цэгцэлж бүрэн дууссан байх хэрэгтэй. Ингэвэл та гэртээ юу дутаад байгааг мэдсэн байна.
Ажил дээрээ яаж эмх цэгцтэй байх вэ? Ширээ, хайрцаг, ажлын хуваариа цэгцэлвэл үнэхээр сэтгэлд минь баяр жаргалын оч асах уу? Эсвэл ажлын өрөөний хувьд арга нь арай өөр үү?
Үүний тулд та заавал тусгай цаг гаргах шаардлагатай. Ажлын байр чинь эмх цэгцтэй, зохион байгуулалттай болвол танд аз жаргал, баяр хөөр байрлах зай суларна гэсэн үг. Миний зорилго юу юм бэ гэдгээ бодож, тунгаахаас ажлаа эхэлж болно. Ямар орчин нөхцөлд ажилламаар байна, та ямар имэйл уншмаар байна гээд өөрөөсөө асуу. Таны хувьд хамгийн төгс ажил карьерын зам ямар байх вэ? Түүнд юу юу нөлөөлөх бол?
Заримдаа энэнээс болж хүмүүс ажлаа эсвэл бүр карьерынхаа талбарыг сольдог. Яагаад тэр вэ?
Юм бүхнийг хараад, бодоод өөрөөсөө энэ зүйл надад баяр хөөр төрүүлж байна уу гэж асуугаад ирэхээр ер нь бол тухайн хүний амьдралын хамгийн утга учиртай зүйлс ялгарч, тодордог. Энэ асуултыг өөрөөсөө асуухаа хэвшил болгож чадвал орон гэр, ажил мэргэжил, холбоо харилцаа, бүр хоол сонгохдоо ч ашиглаж болдог. Энэ асуулт нэг ритм болж та зүрхнийхээ гүнээс амьдралдаа юу хиймээр байгаагаа олж хардаг.
Эмх цэгцтэй цэвэр байх ажлыг багаараа хийх ёстой юу? Эсвэл компанийн удирдлагаас албадан тогтоох ёстой юу?
Цэвэрлэгээ хийнэ гэдэг хүн бүр өөртөө зориулж, өөрөө хүсч цэвэрлэсэн үед үр дүнтэй. Тийм болохоор албадах хэрэггүй гэж бодож байна. Хүний дотоод мотиваци их чухал. Хэрвээ та эргэн тойронд чинь байгаа замбараагүй хүнээс болж ажил дээрээ стресстэж байвал өөрийнхөө орчинг эхлээд сайхан цэвэрлэчих. Миний туршлагаар бол эмх, цэгцтэй байдлаас цацардаг гэрэл, тэр энерги нь бусад хүмүүст ч бас ижилхэн сэдэл төрүүлдэг.
Байнга тайван, аз жаргалтай, зохион байгуулалттай хүн хэвээрээ байх хэцүү юу?
Би ч бас хүн шүү дээ. Би ихэнхдээ л таны хэлсэн шиг байдаг. Гэхдээ хэтэрхий их ажиллачихсан үед, стресстсэн бол, охид маань гэрээр гүйлдээд, хог тариад явах үед би ярьдаг шигээ тайван байж чаддаггүй л дээ. Хэсэг байж байгаад л нэг ийм юм болно шүү.

Баяралаа, амжилт хүсье
USD ₮
УБ 21°C





