2025/01/15
USD ₮
УБ 9°C
Ярилцлага
“Аав минь намайг зөв замд минь оруулж, сайхан мэргэжил эзэмшүүлж дээ гэж бодох болсон”
Д.Цацрал     2020-12-01 17:42     1373

Олон түмнийхээ дунд “Зүрхний Даваацэрэн” хэмээн хүндлэгдсэн, Улсын гуравдугаар төв эмнэлэгийн Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч, МУ-ын Гавъяат эмч Ц.Даваацэрэнтэй ярилцлаа.

photo

“Өвчтөнөө энгийн тасагт шилжүүлээд, биеийн байдлыг нь үзээд явж байх хичнээн сайхан”

Манай улсад хүнд зүрхний мэс засал хийж эхэлснээс хойш хагас зуун жил өнгөрсөн гэж үздэг. Таны хувьд энэ хүнд хэцүү ч бахархам сайхан мэргэжилтэй хэрхэн холбогдсон түүхээ хуваалцахгүй юу?

Улсын гуравдугаар төв эмнэлэгийн Зүрх судасны мэс заслын тасаг үүсгэн байгуулагдаад 52 жил болж байна. Миний хувьд анх Анагаахын дээд сургуульд сурч байх хугацаандаа зүрхний мэс заслын дадлага 4 хоног хийх болсон юм. Тэгээд тэр үед дадлага хийгээд байж байхад  минь Төрийн соёрхолт Ц.Бундан багш маань тэр үед секторын эрхлэгч, зүрхний мэс заслын албыг удирддаг байлаа. Багш минь намайг “чи бол зүрхний мэс заслын эмч л болох хүн юм байна шүү”  гэж хэлж байсан юм. Энэ чиглэлээр ажиллахад нилээн төвөгтэй, хүнд санагдаж байсан ч тэгье ээ гэж хэлээд, 1984 онд Анагаах ухааны хүрээлэнгийн зүрх судасны мэс заслын секторт эрдэм шинжилгээний ажилтан эмчээр орж билээ. Түүнээс хойш одоо 36 жил өнгөрсөн байна. 

Таныг онцолж, зааж сургасан шалтгаан нь юу байсан бол?

Миний ерөнхий хандлага, байр байдлыг л харсан болов уу даа. Хагалгаанд орж байгаа байдал, өөрийн идэвхи чармайлтыг хараад, энэ хүн мэс засалч болж чадах юм байна гэж сонгосон байх гэж  боддог. Ер нь тийм л дээ, аль ч мэс засалд ороход хүнийг  ямархуу хандлагатай байна, юу сурч байна, сурснаа яаж хэрэгжүүлж байна, хичээн ажиллаж байна уу гээд, бүгдийг нь харж байж сонгож оруулдаг л даа. 

Эцэг эхээсээ олуулаа гэж дуулсан. Тэд таны мэргэжил, ажлын тухай юу гэдэг байсан бэ? Хуучны хүмүүс айж халгах, цааргалах хандлага байсан болов уу?

Тийм юм байгаагүй ээ. Аав минь насаараа Говь-Алтай аймгийн Тонхил сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан хүн л дээ. Биднийг бүгдийг нь  хүмүүжил төлөвшилтэй, эрдэм боловсролтой хүн болгохын төлөө хичээж байсан. Би эцэг эхээсээ 9 үүлээ юм л даа. Тав нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байлаа.  Аав минь “та нараас нэг нь заавал эмч болох  хэрэгтэй шүү” гэдэг байв.  Ер нь намайг л  эмч бол гэж зөвлөдөг байсан. Тэгээд жолооч, нягтлан гээд л бүгдийг нь өөр өөр мэргэжилтэй болгосон доо. Ингээд би аавынхаа үгэнд орж, Анагаахын дээдэд сурч байхдаа л мэс заслын эмч болъё гэж шийдээд хичээж суралцсан юм.

Хагалгааны ширээн дээр анх ажилласан үеэ санадаг байх. Сандрах догдлох мэдрэмж төрсөн үү. Хэрхэн ард нь гарснаа санадаг уу?

Зүрхний мэс засал бол бусад мэс заслаас арай өөр. Бусад мэргэжлийг үгүйсгэж байгаа юм биш шүү, уучлаарай. Манай мэргэжил бол нилээн онцлогтой өөр мэргэжил л дээ. 1984 онд Анагаах ухааны дээд сургууль төгсчихөөд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хуваарьлагдсан юм. Тэр үед Ц.Бундан багш намайг чи эндээ үлд гэлээ. Тэр том хүний өөдөөс үг хэлж чадах биш.  Ерөөсөө л эндээ үлдэе, ажилласан ч яахав гээд хичээж эхэлсэн. Тэгээд ажиллаж байтал хотоос шинэ хуваарилалт ирлээ. Гэтэл намайг Анагаах ухааны хүрээлэнгийн мэс заслын секторт хуваарилсан байгааг хараад их гайхаж байсан л даа. Ингээд  эхний 2, 3 жилдээ зүрхний хагалгаанд оролгүй зөвхөн ассент гээд өвчтөнөө бэлдэх,  эрдэм шинжилгээний ажлаа хийдэг байв. Ер нь зүрхний мэс заслын эмч болоход багадаа 10 жил ассент хийж байж мэс заслын эмч болдог. Тийм дүрэм байдаг гэх юмуу даа. Би яг тэр дүрмээр 10 гаран жил ассентаар яваад 12 дахь жилээсээ 1-р ассент эмч болсон. Үүний дараа л мэс засал хийх эрхтэй болж байгаа юм. Ингээд 1987 онд багшийнхаа зөвлөсний дагаа Улсын гуравдугаар төв эмнэлэгт орж ажиллаж эхэлсэн дээ. 

Тэгэхээр яг гардаж хагалгаанд орсон үе нь хэзээ байсан бэ?

1986 онд юмуу даа. Багш маань  “артерийн битүүрлийн цоорхойг хаах мэс засал” - д намайг дагуулж орж байлаа. Үнэхээр хүнд, хэцүү санагдаж билээ.  Ялангуяа насанд хүрсэн хүний цээжний хөндийн хагалгааг хийх, мэс заслын эмчилгээ хийнэ гэдэг бол үнэндээ хэцүү санагдаж байсан. Юун тэр зүрхний мэс заслын эмч болох нь битгий хэл цээжний хөндийг нь нээгээд зүрхэн дээрээ оёдлоо тавьж чадвал их юм гэж бодож байсан. Тэрний дараа 1987 онд багш надаар “хоёр хавтаст хавхлагыг тэлэх мэс засал”- ын эмчилгээ хийлгэлээ. Тухайн өвчтөн маш хүнд байсан юм. Тэгээд багшдаа хэллээ. “Би мэс засал хийх бэлтгэлгүй байна. Таны хажууд ассентаар туслая” гэв. Гэтэл багш “хүнд юманд нь орохгүй хөнгөн юманд нь ороод байвал яаж мэс заслын эмч болдог юм” гэж загналаа. Их хүнд өвчтөн байсан учраас цус алдах, хүндрэл үүсэх нөхцөл байдалтай, маш их айж сандарч байж дуусгаж билээ. Багш минь дэргэд байсан тулдаа л давж гарсан даа. 

photo

“Титэм судасны хагалгаа хийх болгондоо аавыгаа л аварч байна даа гэж боддог”

Халширах, ер нь больё гэж бодох тохиолдол гарч байсан уу?

Халширах, ер нь больё гэх бодол мэдээж төрж байсаан. Ялангуяа ассентаар олон жил яваад ирэхээр чинь, тэртээ тэргүй бие даасан мэс заслын эмч нар байхад би энд байгаад яахав гээд багшдаа хүртэл хэлж л байсан. “Багшаа би ерөөсөө хагалгаа сайн хийж чадахгүй юм шиг байна. Зүгээр нэг ерөнхий мэс заслын эмч болдог юм билүү” гэтэл  “чи сурах ёстой, гардан мэс заслаа хийдэг сайн эмч болох хэрэгтэй” гээд ер халгаадаггүй байсан. Ингээд гадаад дотоод явлаа, их ч юм үзэж харлаа,  багш өөрөө ном авчирч өгдөг, түүнийг нь уншиж судлана. Хагалгаанд орохынхоо өмнө өвчтөний бүх асуудлыг нарийн сайн судалж, үүсч болох хүндрэл бэрхшээлүүдтэй сайн танилцсаны эцэст ширээний ард гардаг байлаа.

Хагалгаанд орохын өмнө тулгардаг айдас, сандрал одоо ч танд байдаг уу, олон жилийн дараа арай өөр болсон болов уу?

Тийм айдас, болгоомжлол одоо болтол байна. Ганц зүрхний мэс засалч ч биш, хагалгаанд орох гэж байгаа эмч нар бүгд л анхаарал болгоомж, байнгын хяналтаа алдахгүйг хичээж ажилладаг. Энэ чинь эрдэнэт хүний амь настай холбоотой асуудал шүү дээ. Манай тасгийн хувьд, хоёр дахь өдөр болгон байнгын хурал зарлан, өвчтөнүүдийнхээ биеийн байдал, бусад зүйлийн талаар нарийн судалгаатай танилцуулга хийж, бүх зүйлийг төлөвлөгөөтэй, алдаа мадаггүй байхаар хичээн ажилладаг. Эмнэлэгийн орчин нөхцөл ч хуучныг бодоход  маш их сайжирсан. Ингээд ирэхээр хагалгаанаас үүсэх хүндрэл харьцангүй бага болж, хариуцсан эмч нарын хувьд айдас болгоомжлол нь төдий чинээгээр багасаад ирж байгаа юм. Тийм ч учраас сүүлийн үед өвчтнөө ширээн дээр алдах, ямар нэг алдаа эндэгдэл гарах  асуудал үгүй болсоор байна. 

Ер нь эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл хангалуун байх, аав ээж минь намайг зөв замаар явуулж дээ гэж бодох ч юмуу мэдрэмж таньд яг хэзээ төрдөг вэ?

Тийм сайхан мэдрэмж надад их олон удаа төрж байсаан. Хүнд өвчтэй хүн орж ирээд, хагалгаа нь амжилттай сайхан болчихоор сэтгэл санаа хэдэн зуун хувиар өргөгдөөд л явчихдаг. Өвчтнөө энгийн тасагт шилжүүлээд, биеийн байдлыг нь үзээд явж байх хичнээн сайхан. Аав минь намайг зөв замд нь оруулж, сайхан мэргэжил эзэмшүүлж дээ гэж бодох үе маш их бий. Харамсалтай нь аав маань намайг оюутан, хөдөө томилолтоор ажиллаж байхад минь бурхан болчихсон юм.  Одоо бодоод байхад  зүрхний шигдээс гэсэн онош байж. Одоо ингээд шигдээс болсон хүнд титэм судасны эмчилгээ хийх болгондоо муу аавыгаа боддог юм. Яахав, тэр үед бол титэм судасны мэс засал хийхэд төвөгтэй үе байсан л даа. Одоо харин сайхан болсон. Манай эмч нар бүгд гадаад дотоод явж, үргэлж суралцаж байгаа болохоор энэ хагалгааг хийх бүрэн боломжтой болчихож. Тийм үед л аав минь их бодогддог юм. 

Хагалгаанд орох болгондоо аавыгаа аварч, эмчилж байна гэж боддог уу?

Тийм ээ, аавдаа туслаж байна даа л гэж санаж, бүх чадлаа дайчлан өвчтнийхөө амь насны төлөө зогсдог. Аавыгаа их залууд нь алдсан болохоор харамсах сэтгэл одоо ч арилдаггүй юм. 

Олон цагаар хөл дээрээ зогсох, сэтгэл санааны асар хүнд дарамт авч ажилладагаараа мэс заслийн эмч нар хүндхэн албыг хашдаг хүмүүс. Ядаргаа, сэтгэлийн зовиураа та хэрхэн хөнгөлдөг вэ, эрч хүчээ юунаас нөхөж авдаг бол?

Мэргэжилдээ дадаад, сураад олон хагалгаа хийгээд , мэргэжлээ эзэмшээд ирэхээр тэрэндээ түүртээд ядраад байх нь бол гайгүй байдаг юм. Хамгийн гол нь хагалгааны үед, хагалгааны дараа өвчтөн сэхээд ирэхээр овоо шүү гээд, дараагийн хагалгаандаа бэлдээд сэргээд л ирнэ. Тэрнээс биш ядраад шантраад байх зүйлгүй ээ. Бид чинь их олон цаг зогсоогоороо ажилладаг улс. Хамгийн багадаа л дөрвөн цаг, тэрнээс дээшээ 7-12 цаг ажиллана шүү дээ. 

photo

“Би чинь ерөөсөө гэр орны асуудалд оролцдоггүй, хаана юу болж байгааг мэдэх юмгүй л явдаг хүн шүү дээ”

Хагалгаанаас гарч ирээд өвчтөний ар гэрийнхэнтэй уулзахад, хэрэв амжилттай үед бол сайхан мэдрэмж авдаг  байх. Таагүй зүйл тохиолдсон үед эмч хүний давах ёстой бас л нэг хэцүүхэн даваануудын нэг байх даа?

Тийм ээ. Яг үнэн. Тэр их хэцүү. Зүрхний мэс засал хийгдэх явцад 45, 46 төрлийн хүндрэл гардаг. Ямар ч насанд 6 төрлийн хүндрэл үүснэ. Тэр 6 төрлийн хүндрэлийг өвчтөний ар гэрийнхэнд танилцуулаад , хоорондоо сайн ярилцаад, тэр хүмүүс хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хагалгаанд ордог юм. Ингээд хагалгаанд ороход өвчтөнөө алдах тохиолдол бий. Ийм үед зарим нь  ойлгоно, зарим нь их хүндрэлтэй ханддаг л даа. Хайртай, дотны хүнээ алдчихсан хүнд ямар олигтой байхав. Гэхдээ бид хагалгаанд орохынхоо өмнө нөхцөл байдлын талаар ар гэрийнхэнд нь маш сайн тайлбарлаж хэлээд л ордог. Бүр хүнд, яах ч аргагүй үед бол хагалгаа хийх боломжгүйг бас учирлаж хэлнэ. Хагалгаа хүндэрч, байдал санаснаар болоогүй үед  ар гэрийнхэнтэй нь уулзана гэдэг үнэхээр хэцүү. 

Таныг өдий хүртэл 30,40 жил ийм хүнд албыг хашихад, ар талыг тань хариуцаж, нөмөр нөөлөг болж яваа хүмүүс бол гэр бүлийнхэн тань байх. Тэднийхээ дэмжлэггүйгээр ингэж зүтгэх хэцүү байх аа?

Тэгэлгүй яахав ээ. Миний гэр бүлийн хүн бас эмнэлэгийн мэргэжилтэй л дээ. Тийм ч учраас намайг маш их ойлгож, дэмждэг. Ойрхон, хүнд хагалгаануудтай үед, ер нь бүх л тохиолдолд найдвартай ар тал минь болж туслаад, дэмнээд байж байдагт нь үнэхээр талархдаг. Хүн сонсвол намайг их бүдүүлэг хүн байна гэж хэлэх байх л даа. Би чинь ерөөсөө гэр орны асуудалд оролцдоггүй, хаана юу болж байгааг мэдэх юмгүй л явна шүү дээ /инээв/. Дэлгүүр хоршоогоор ч явдаггүй. Үндсэндээ  гэр, эмнэлэг хоёрын хооронд л явсаар насыг элээж байна . Тэгэхээс ч өөр аргагүй ажил юм даа. Ар гэрийн ажил, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, сургууль соёлд явуулах гээд бүхий л ажлыг гэр бүлийн хүн маань л ёстой нэр төртэй гүйцэтгэсээр ирж. Харин юунд ч санаа зовохгүй зүтгэх үүрэг надад ноогдож дээ.

Таны хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юу?

Байхгүй л байна. Уг нь нэг хүүдээ эмч болох талаар хэд хэдэн удаа хэлж байсан. Гэтэл би чинь өөрөө багаас нь гэрийн бараа харахгүй ажилласаар байгаад нөгөө хэдийгээ хашраачихаж. Одоогийн энэ орчин цагт чинь хүүхдийг сонирхолгүй байгаа юманд нь хүчээр шахаад байх нь зохимжгүй юм байна. Хүүхдүүд маань дандаа эмчээс өөр мэргэжилүүд сонгоод явж байгаа.  

Гуравдугаар эмнэлэгийн зуүрхний мэс заслийн тасгийн хөгжлийг тодорхойлно уу гэвэл та юу гэж дүгнэх вэ? Тулгамдаж байгаа асуудлууд бий юу?

Сүүлийн 10 жилийн хугацаанд маш их өөрчлөлтүүд хийгдээд, нилээн хөгжиж байна. Одоо энэ тасагтаа хамгийн настай нь би байгаа юм. Бусад нь бүгд залуучууд, бүгдээрээ мэдлэг боловсролтой, сайхан бие даагаад хагалгаандаа орчихдог, шижигнэсэн залуус байна даа. Бид нэг зэрэг зурхний гурван хавхлагыг нээн эмчилж, ямар ч асуудалгүй бүрэн эмчилж байна. Мэдээж хүнд тохиолдлууд орж ирдэг. Бага насны хүүхдийн хувьд бол хэцүү. Бидний зүгээс  эмнэлгийн захиргаа, бусад мэргэжилтнүүдтэй нийлж, хүүхдийн төрөлхийн гажиг заслыг эмчлэх ажлыг эрчимтэй хөгжүүлэхэд анхаарч байна. Титэм судасны мэс заслын тухайд маш сайн бас  явагдаж байгаа. Цаашдаа зүрх судастай холбоотой хагалгаа, эмчилгээний үйлчилгээ улам л сайжирч, өндөр түвшинд хийгддэг болох нь дамжиггүй. Учир нь Анагаах ухаан улам хөгжиж байна, эмч мэргэжилтнүүдийн ур чадвар сайжирсаар байна шүү дээ. 

Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандан энгийн зөвлөгөө хүргэхгүй юу?

Болж өгвөл агаар салхинд гарч алхаж байгаарай. Ажил амьдралын хэмнэлээ зөв зохицуулж, ядарч сульдахгүй байх нь чухал. Мэдээж хоол хүнсний зөв хэргэлээг тохируулж, хорт зуршлуудаас хол явбал зүрх тань баярлана шүү гэж хэлье дээ.

Танд баярлалаа. 

 
Сэтгэгдэлүүд
© 2021. Powered byRete Agency. All rights reserved.