
Үнэхээр хүн өөрийгөө олоё гэвэл угаасаа өгөгдчихсөн байгаа тэр зүйлээ л барьж авах хэрэгтэй. Хүнд мэдлэг боловсрол мэдээж хэрэгтэй. Уран бүтээлч хүнд нэг том давуу тал байдаг. Уран бүтээл нь тэр хүний сүүдэр байдаг юм
Таныг 15 настайдаа лам болохоор шийдэн 2 жил ном үзэж байсан гэж уншсан. Таны удамд шашны хүн байдаг уу ?
Манай ээж өөрөө лам хүний хүүхэд байгаа юм. Би бол өвөө эмээгээ сайн мэдэхгүй л дээ. Тэгээд сүүлд сонсоход ээжийн талд лам байсан байна лээ. Аавын маань талд шуумал бурхан бүтээдэг хүн байсан гэдэг. Социализмийн үед тиймэрхүү юманд их хайнга ханддаг байлаа. Тэгээд эсэргүүний юм гээд нүдээд хугалаад гэмтээчихсэн хоёр ч бурхан манайд одоо байдаг юм. Би сүүлд аваачиж сайхан засуулаад авсаан. Тэгэхээр манайд бол бурхан шашины удам бол байдаг л даа. 15 настай байхад минь С.Эрдэнэ гуайн бичсэн “Занабазар” роман гараад, тэр үед чинь Ардчилал гарахын өмнө болохоор шашин шүтлэг сэргэчихсэн байсан юм. Хаа сайгүй далай ламын зураг хадаатай байдаг байлаа. Тэгээд тэр үед "Занабазар" романыг уншчихаад маш их мөрөөддөг болов. Занабазар шиг мундаг хүн болно, лам болно гээд л. Тэгээд яахав дээ нутгийн өвөө нар дээр очоод Төвд ном заалгаж уншиж сурсан. Би чинь Баянхонгорын Баацагаан сумынх. Тэгэхэд манай аймагт ганц л хийд байсан юм. Тэр нь Эрдэнэцогт суманд байдаг байв. Тэр суманд нь “Өвгөнжаргалант” гээд пионерын зуслан байдаг. Тийшээ дандаа онц сурдаг хүүхдүүдийг явуулдаг байлаа. Тэгээд би ээж аавдаа зуслан явна гэж худлаа хэлж яваад, замдаа Зил 130 машины тэвшнээс үсэрч буугаад оргочихож билээ. Тэгээд тэндээ лам байдаг юм болов уу гээд сураглаад явсан чинь Баян-овоо сумаас гаралтай Өлзий гэж наян настай өвөө тэнд хурал хурдаг, ганцаараа байдаг болж таарав. Тэгээд жоохон хүүхэд байсан болохоор өлсөнө, цангана, олон цагаар завилж сууна. Лам болно гэдэг чинь хүүхдийн хувьд их ачаалалтай ажил юм билээ. Тэгээд эхний очилтоороо тэнд 14 хоног байхдаа Төвдөөр уншаад сурчихсан байсан. Тэгээд зуслангаас хүүхдүүд буцахад нь зам дагаж хүлээж байгаад буцаад гэртээ харьж байсан түүхтэй. Гэртээ очоод болсон явдлаа хэлсэн чинь ээж маань их гайхаж билээ. Ер нь уурлах маягтай. Аав бол юу ч хэлээгүй. Гэхдээ дотроо баяртай байгаа юм шиг л санагдаж байсан.
Энэ замналаа чухам яагаад орхих болсон бэ, зургийн амьдралтай холбогдох болсон шалтгаан, түүхээ хуваалцаач?
Авъяас нэг хувь, хөдөлмөр ерөн есөн хувь нь гэдэг шүү дээ. Авъяасгүй хүн гэж байхгүй. Бүгд л янз бүрийн авъяастай. Миний хувьд, би айхтар авъяастайдаа зураач болоод яваа юм биш. Ер нь өөрийнхөө авъяасыг маш их голдог. Гэхдээ хамгийн гол нь би дуртай, надад тэр сэдэл, хүсэл нь байдаг. Тэгээд тэр уран зураг бүтэж байгаа үйл явцаас сэтгэл ханамж, таашаал аваад сурчихсан гэх юмуу даа. Тэрнийгээ хаяж чаддаггүй. Дараа дараагийн сэдэл бий болсоор яваад л байгаа юм. Тэрнээс биш авъяас, удам судар бол шууд нөлөө байхгүй шүү дээ. Гэхдээ үгүйсгэж болохгүй юм л даа.
Уран бүтээлийн анхны үзэсгэлэнгээ хэрхэн дэгэлж байсан бэ? Бүтээлээсээ урам авч байсан үеэ дурсахгүй юу?
Хамгийн анхны үзэсгэлэнгээ 16 настайдаа, сургууль дээрээ гаргаж байлаа. Сургуульд маань уран зургийн тэнхим гэж байсан юм. Тухайн үед би бас лам болно гээд жоохон хөдөлгөөнтэй байсан үе. Жаахан хүүхэд лам болно гэхээр хөгшчүүл их бэлэгшээгээд олон ном судар, бурхан өгсөн байсан юм. Тэрийгээ хүүхэд байхдаа цуглуулга болгоод, өөрийн цуглуулгатай, уран зургийн үзэсгэлэн гаргаж байв. Тэндээс би нутгийн ард түмэн, аав, ээжээсээ их урам авсан даа. Урам бол том байх албагүй л дээ. Хүн их жижигхэн юмнаас ч урам авдаг. Хүүхэд байхад манай хажуу айлын настай эгч их гоё юм оёдог. Гэхдээ зурж чаддаггүй гээд, намайг гуйгаад зуруулдаг байсан юм. Тэгээд л “их гоё зурж байна” гээд магтаад л. Тэр болгон чинь маш гоё урам өгдөг. Бүр том урам авсан нь гэвэл, би хүүхэд байхдаа нэг Цагаан дарь эх бүтээж байсан юм. Аавыгаа баярлуулах гээд унтаж байх хойгуур нь шөнөжингөө зураад, өглөө сэрэхэд нь орны дээр нь тавьчихлаа. Нилээн том хатуу паниаран дээр зурсан байлаа. Тэгээд аав сэрээд харангуутаа “шоконд” ороод тэр өдөржингөө баяртай байсныг нь би санадаг юм. Ер нь урамгүйгээр уран бүтээл явахгүй л дээ. Одоо бол яахав урам гэхээсээ илүү, шүүмжинд дуртай болжээ. Тэгээд хамгийн гол нь өөрөө өөрийгөө хөдөлгөх хүч, хөдөлгүүр нь байгаа үед амьдраад л байна даа. Нэг урам орохоор сайн зураад л, урам хугарахаар муу зураад байж болохгүй шүү дээ. Бүх хандлага чинь ерөөсөө л хүнээс өөрөөс нь л шалтгаална .
Тэр үеийн та, одооны Заяасайхан зураач, уран бүтээлчийн хувьд хэрхэн өөрчлөгдсөн гэж харж байна вэ?
Нэг зүйл дурьдахад, Америкийн нэрт урлаг судлаач, профессор Гейл Левин гэдэг хүн миний тухай нэг намтар монолог ном бичсэн юм. Тэрийг нь бид орчуулаад хэвлэлтэнд оруулан, Монголд хэвлэх цөөхөн эрхийг нь өөрөө авсан юм. Одоо тэр номон дээрээ ажиллаж байна. Тэр номонд миний хүүхэд наснаас эхлээд одоог хүртэлх уран бүтээл, судалгаа бүгд багтсан байгаа. Тэгээд тэр номон дээр ажиллаж байхдаа уран бүтээлч хүний хувьд өөртөө нэг том дүгнэлт хийх боломж гарч ирлээ. Хувь хүнийхээ хувьд би нэг их өөрчлөгдөөгүй. Харин тухайн цаг үе, нийгмийн байдлаас шалтгаалаад бүтээлүүд маань өөрчлөгдөөд, хувьссаар иржээ. Тэр судлаачын өгүүлснээр Монгол хэлбэр агуулга, үнэт зүйл гэх юмуу тийм зүйл л миний уран бүтээлээс харагддаг юм байна. Хүүхэд байхаасаа барьсан чиг нь “Mongolian identity” юмуу даа. Тэр нь илэрхийллийн хувьд хувьсаж, өөрчлөгдөж, баяжиж явсан болохоос биш хүүхэд байхаасаа барьж авсан чиглэл нь байж л байгаа юм билээ.
Зураач хүн өөрийн гэсэн өнгө төрх, хэв маягаа олж авах нь хэр хэцүү вэ. Одоо бол таны бүтээлийг харсан хэн ч байсан Заяасайхных мөн байна гэж таньдаг болсон.
Яг хүсэх юм бол хэцүү зүйл биш. Яагаад гэвэл, байгалийн өгөгдлөөрөө хүн болгон өөр өөр төрчихсөн. Давтагдсан хурууны хээ ч байдаггүй шүү дээ. Яг түүнтэй л адилхан. Хүнд байгалиас өгөгдсөн давтагдашгүй зүйл заавал байдаг. Үнэхээр хүн өөрийгөө олоё гэвэл угаасаа өгөгдчихсөн байгаа тэр зүйлээ л барьж авах хэрэгтэй. Хүнд мэдлэг боловсрол мэдээж хэрэгтэй. Уран бүтээлч хүнд нэг том давуу тал байдаг. Уран бүтээл нь тэр хүний сүүдэр байдаг юм. Тэгэхээр сүүдрээ л олж харах хэрэгтэй байх нь. Түс тас яриад байж магадгүй шүү /инээв/. Гэхдээ дотогш нь задлаад ярьвал их гүн ухааны сэдэв болчих байх.
“Монгол зураачдад маш их боломж бий. Түүнийгээ хэрхэн олж харж, ашиглаж чадаж байна вэ, гэдэг л чухал”
Бүтээлч хүний хувьд бол шинжлэх ухааны талаас хандвал тийм зүйл байх ёсгүй санагдаад байгаа юм. Харин хүнд хүсэл зорилго, урам зориг гэж байна. Юм бүтээх шунал гэж бас байна. Тийм зүйл бол надад байгаа.
Та дэлхийн 20 гаруй оронд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан. Энэ боломжийг та хэрхэн олж авсан бэ?
Боломж гэхээсээ илүү өөрөө хийгээд л яваад байсан хэрэг. Өөртөө л боломж бий болгоно. Хамтарсан үзэсгэлэнгүүдээ бол би тоолдоггүй. Харин бие даасан үзэсгэлэн гэвэл цөөхөн. Хорь дотор л байгаа. Гэхдээ чамлаад яахав нилээн хэдэн үзэсгэлэн гаргасан л байгаа юм л даа.
Монголын уран бүтээлч, зураачдад маань тийм боломж хэр байдаг юм бол?
Байлгүй яахав. Намайг хүүхэд байхад манай өмнөх үеийн уран бүтээлчдэд боломж муу байлаа. Нэгдүгээрт, нийгэм нь хаалттай, хатуу үзэл сурталтай байсан. Хоёрдугаарт, тухайн үед ямар ч сошиал медиа буюу энэ цахим ертөнц байхгүй байлаа. Гуравдугаарт, хэлний асуудалтай байсан. Одоо бол ямар ч асуудал байхгүй байна шүү дээ. Хүссэн материалаа авч болдог болсон байна. Заавал өөрөө гадаад явахгүйгээр, дэлхий нийттэй чөлөөтэй харьцдаг болсон байна. Энэ их эрх чөлөө байхад юу л байна боломж л байна. Энэ боломжийг ашиглаж чадахгүй байвал харамсалтай л байна. Дээр үед бол Чингис хааныг зурчихаад үзэл сурталд дарагдаад, асуудалд орчих гээд байхаар нь зургаа “Эртний баатар” гэж нэрлэдэг ч юмуу. Тийм байсан. Одоо бидэнд тийм асуудал байхгүй шүү дээ. Тэгэхээр бидний боломж хол биш гэсэн үг. Тэрнийг хэрхэн ашиглаж байна, олж харж байна гэдэг тухайн уран бүтээлчийн өөрсдийнх нь асуудал байгаа юм. Би хувьдаа өөртөө хатуу хандаж байгаа. Эргээд бодоход боломжийг маш муу ашигласан санагдаж байна. Энэнээс их боломжууд байсан, цаашдаа ч байгаа болов уу. Одоо маш их хариуцлагатайгаар бүтээлдээ төвлөрөх ёстой л гэж бодож байна. Өглөө босох болгондоо л өөртөө “боломжоо битгий алд” гэж сануулж байх хэрэгтэй.
Гадны уран бүтээлчдээс суралцах, эргээд тэдэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцах боломж гарч байв уу?
Ер нь зураачдын ертөнц чинь өөрөө их гоё, ариухан ертөнц шүү дээ. Тэгээд гадны зураач нараас бас маш их юм сурна. Янз янзын санаа, шүүмж, сэтгэгдлүүд орж ирнэ л дээ. Тэгээд бие биенээсээ авахыгаа авж, хаяхыгаа хаяна. Тэгэхээр зураачдын хамтарсан үйл ажиллагаа маш чухал. Дээр нь бид уран бүтээл хийгээд маш завгүй явж байгаа тохиолдолд тэр болгон юм уншаад, сургуульд сураад байж чадахгүй шүү дээ. Тийм болохоор харилцан бие биенээсээ их суралцана. Одоо орчин үеийн урлагт хамтын оролцоо их чухал болсон. Магадгүй нэг хүний 100 жилийн ойг бүтээх ажлыг хэд хэдэн зураач нийлээд бүтээдэг ч юмуу, гэх мэтийн зөндөө гоё юмнууд байна л даа. Би Япон, Америк, Англи, Австралид байсан. Тэгэхэд Японы зураачид гүйцэтгэл техник талдаа маш сайн. Харин Америкчууд гүйцэтгэл, техникийн ажиллагааг голчилж үздэггүй юм шиг санагдсан. Нилээн чөлөөтэй, задгай сэтгэдэг гэх юмуу даа. Тэгээд энэ хоёрыг нийлүүлчихвэл төгс болох юм шиг надад сэтгэгдэл төрдөг байсан.
Уран бүтээлээрээ дамжуулан өөрийн дотоод ертөнцөө нээх боломж зураач нарт байдаг. Зураач хүний хувьд та энэ боломжоо хэрхэн ашигладаг вэ?
Янз янз байдаг. Бүтээлүүд ч бас өөр өөр. Ерөнхийдөө бүтээл гэдэг маань өөрөө контент зохиож, боловсруулж байгаа л ажил юм. Тэрнээс гар урлал биш шүү дээ. Контент зохионо гэдэг чинь чи өөрөө хэн юм бэ? гэдэг асуултанд хариулж байгаа явдал. Эсвэл чи яах гэж энийг хийсэн юм? гэдэг ч юмуу. Тэгэхээр энэ дээр философи ярих шаардлагатай болж байгаа юм. Яаж хийсэн юм гэдэг дээр бол цэвэр арга барил, ажиллагаа яригдана. Гэхдээ тэр нь орчин үеийн урлагт нэг их чухал биш. Яагаад гэвэл өнөөдөр технологи маш сайн хөгжчихсөн. Хэн ч технологийг ашиглаад юуг ч хийж болдог болсон. Гэхдээ цаад шалтгаан нь юу вэ? гэдэг асуулт гарч ирж байна. Тэгээд энэ чинь явсаар байгаад л чи хэн юм бэ? гэдэг дээр л бууна.
Үргэлж бүтээлч, өнгө будагтай байхын тулд онгодоо хэрхэн тэтгэдэг вэ?
Уран бүтээлч болгон л өөр байдаг байх. Онгод гэдэг утгаараа явбал шашны хэллэгтэй ойрхон болчих байх. Надад бол тийм юм бараг байхгүй. Яагаад гэвэл, онгод орж ирэнгүүт сайн зураад л, онгод байхгүй болонгуут муу зураад эсвэл юу ч хийдэггүй болчихдог ч юмуу. Бүтээлч хүний хувьд бол шинжлэх ухааны талаас хандвал тийм зүйл байх ёсгүй санагдаад байгаа юм. Харин хүнд хүсэл зорилго, урам зориг гэж байна. Юм бүтээх шунал гэж бас байна. Тийм зүйл бол надад байгаа. Магадгүй яруу найрагч, бичээчдэд тэр онгод гэдэг зүйл мөн чанараараа байж болох юм гэж боддог. Тэр хүмүүст асар өндөр сэтгэл хөдлөл богинохон хугацаанд ороод агуу бүтээл хийчихдэг ч юмуу, тиймээ. Тэгтэл зураач бидний хийгээд байгаа зүйл бол үйл явцын хувьд асар удаан. Заримдаа алдана, заримдаа ононо. Тэгэхээр сэтгэл хөдлөлөөс илүү зарим бүтээл дээр судалгаатай, шинжлэх ухаанч маягаар хандахаас өөр аргагүй. Тийм болохоор хором зуурын дотор бий болдог ид шид шиг зүйл биш байгаад байгаа юм.

“Уран бүтээлч, бизнесмэн хоёр зарим талаараа хоорондоо адилхан. Чамайг хамгийн их догдлуулж байгаа тэр аялал хамгийн их эрсдэлтэй байдаг”
Эрсэдлээс зугатаах юм бол хэзээ ч уран бүтээлч болохгүй. Ялангуяа уран бүтээл дээрээ алдах уу, онох уу гэдгээс илүү эрсдэл дундуур явж үзэх, сэтгэл хөдлөлийг мэдрэх ёстой байхгүй юу. Яг л мөрийтэй тоглоом шиг. Хамаг юмаа тавьчихаад тэр үед ямар сэтгэл хөдлөлтэй байх вэ? Тийм догдлол дээр л уран бүтээл хийж чадвал жинхэнэ уран бүтээл гардаг гэж л би боддог юм.
Хамгийн урт хугацаанд бүтээсэн бүтээл тань юу вэ?
“Өвөг дээдсээ эргэн ирэхүй” гээд бүтээл байна. Мөн саяхан дэглэсэн "At Hidden identity solo" үзэсгэлэнд гаргасан “ Будда” гэдэг нэртэй бүтээл бий. Энэ бүтээлээ хоёр жил хийсэн. Харин нөгөөх нь арван нэгэн сар зарцуулсан бүтээл юм. Энэ хоёр л бараг хамгийн урт хугацаанд хийгдсэн ажлууд байх.
Манайхан дунд зураачын бүтээлийг үнэлэх үнэлэмж урьд нь маш муу түвшинд байсан. Харин одоо бол байдал өөр болжээ. Таны хамгийн их үнэд хүрсэн бүтээл юу вэ?
Манайхан бол сэтгэлгээний хувьд хамаагүй өөр болчихсон. Монголчуудын нэг сайхан тал нь их сониуч. Аливаа юманд их сониучхан ханддаг. Энэ нь миний хувьд маш том үнэлгээ гэж бодогддог. Зүгээр яахав, бодит байдлаар материаллаг талаас нь урлагийг үнэлэх үнэлэмжийнхээ хувьд бол болоогүй л дээ. Нилээн олон учир дутагдалтай асуудлууд зөндөө байгаа. Хамгийн наад зах нь л эдийн засгийн асуудал байна. Зах зээл, маркетинг бол Монголд бараг л байхгүй дээ.
Бүтээлүүдээ оюуны өмчөөр баталгаажуулах, албан ёсоор хамтран ажиллах тал дээр та хэрхэн анхаарч ажилладаг вэ, ер нь энэ талын ажил манайд хэр түвшинд байна, гэж та харж байна?
Ер нь хэцүү. Хувь хүний хувьд ч юмуу, уран бүтээлчийн хувьд би нэг тал дээр баярладаг. Хүмүүсийн сонирхол их байна. Нөгөө талаас харамсалтай юм гэвэл зөндөө олон уран бүтээлчдийн бүтээлүүд ямар ч үнэ цэнгүй тарчихдаг. Миний бодлоор, бидний сэтгэлгээ маш хурдан капиталист болсон. Гялс хурдан мөнгөтэй болохыг, хурдан амжилтанд хүрэхийг хүсдэг учраас өөрсдөө эрсдэл үүрэх сонирхол муутай. Бэлэн юм аваад гялс тавиад, хэдэн төгрөг олчих санаатай хүмүүс олон байдаг. Орос, Монгол, Хятад гурав энэ тал дээр нилээн ширүүн дээ. Бусад хөгжсөн орнууд бол энэ тал дээр харьцангуй гайгүй. Бид оюутан байхдаа зурж сурах гээд л “Марзан” Шаравын зургийг хуулдаг л байсан. Тэрийг хуулаагүй Монгол зургийн хүүхэд бол байхгүй. Гэхдээ тэрний шалтгаан нь юу вэ гэвэл, яг сурах гээд хийж байгаа болохоос тэрийг хэвлээд мөнгө болгоё гэсэн хүн байгаагүй шүү дээ. Тэгэхээр тэрийг бол хүлээн зөвшөөрч байгаа юм. Гэтэл шуналын зорилгоор, эрээ цээргүй аашлах нь их болжээ Тэр бол жаахан харамсмаар. Тэгээд би хүмүүст хэлээд байгаа. Уран бүтээлч, бизнесмэн хоёр зарим талаараа хоорондоо адилхан л даа. Эрсдэл хийнэ гэдэг чинь уран бүтээлч хүний хувьд хамгийн гол зүйл. Эрсэдлээс зугатаах юм бол хэзээ ч уран бүтээлч болохгүй. Ялангуяа уран бүтээл дээрээ алдах уу, онох уу гэдгээс илүү эрсдэл дундуур явж үзэх, сэтгэл хөдлөлийг мэдрэх ёстой байхгүй юу. Яг л мөрийтэй тоглоом шиг. Хамаг юмаа тавьчихаад тэр үед ямар сэтгэл хөдлөлтэй байх вэ? Тийм догдлол дээр л уран бүтээл хийж чадвал жинхэнэ уран бүтээл гардаг гэж л би боддог юм. Жинхэнэ аялал бол өөрөө бүтээл. Чамайг хамгийн их догдлуулж байгаа тэр аялал хамгийн их эрсдэлтэй байдаг. Шинэ юм хийе гэвэл ийм хоёр зүйлийг л ойлгохгүй бол хэн нэгний юмыг л давтана, эсвэл улиг болсон юмнууд хийгээд л эхэлнэ. Аль таалагдсан юм болгоноо аваад хэрэглээд байвал нэг ёсондоо хамгийн сүүлд яваад байна аа л гэсэн үг. Иймэрхүү хандлагатай болчихвол манай нийгэм хурдан өөрчлөгдөх байх гэж боддог.
Зургаа зураагүй үедээ та юу хийдэг вэ? Ер нь чөлөөт цаг гардаг уу?
Сүүлийн үед чөлөөт цаг гарвал кофе шопд л суудаг болж байна. Эсвэл хөгжим сонсоно. Боломж л гарвал гэр бүлийнхэнтэйгээ ойрхон салхинд гарах дуртай. Бас хэдэн дотны найз нартайгаа уулзана, нэг тиймэрхүү л байдаг даа.
Яг одоо та ямар бүтээл дээр ажиллаж байна вэ, ойрын хугацаанд зорьж байгаа мөрөөдлийнхөө талаар хуваалцаач?
Хоёр жилийн хугацаанд хийсэн 40 - өөд бүтээлээрээ үзэсгэлэнгээ гаргаад удаагүй байна. Ерөнхийдөө том ажлын ард гарлаа гэсэн үг. “Гээгдсэн, олдсон Монгол” гэдэг нэртэй миний тухай ном хэвлэлтэнд орсон. Яалтачгүй миний тухай бичигдсэн болохоор бүх зүйлд нь оролцоод байгаа юм. Дараа нь юу бодогдож, ямар юм санаанд орж ирж байна, тийшээгээ л явна даа.
Танд баярлалаа, амжилт хүсье
USD ₮
УБ 7°C





