
Амны билгээс ашдын билэг хэмээн айраг цагаагаа сөгнөн, ахмад настнаа хүндлэн золгодог сар шинийн өдрүүд айсуй. Монгол түмэн уламжлалт сар шинийн баяраа дэлхий нийтийг нөмрөөд байгаа цар тахлын аюулаас үүдэлтэйгээр хоёр дахь жилдээ цомхон хэмжээнд, гэр бүлийн хүрээнд тэмдэглэж байна. Уламжлагдан ирсэн ёс заншлаа хүндлэн, айл бүр ирэх жилийн өнгийг бэлгэдэж идээ будаагаар элбэг, үгийн сайн, үйлийн дээдийг бие биедээ ерөөн хэлэлцэж суугаа нь дамжиггүй.

1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрэх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Мөн Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.

Ийнхүү 17-р жарны цөөвөр хэмээгч, цагаагчин үхэр жил айлчлан ирж, урин цагтай золголоо. Бусдад Туслахуй Анагаах Ухааны "МАНБА ДАЦАН" хийдийн зурхайч лам Я.Аюурзанын XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн Монгол зурхайн үзлэг, цаглабарт дурьдсанаар:
“Хаврын эхэн сард цас орж, шуурна. Дунд ба сүүл сард шороон шуургатай. Хаврын эцэс, зуны эхэн сард хур бага хуурайшилттай. Цаашид хур алаг цоог. Зарим газар үер бууж, мөндөр орно. Зарим нутагт гантай. Тариа будааны ургац дундаас дээш. Өвөлдөө цас орж, цасан шуурга шуурна. Зарим нутагт зудална. Малд хатуу ч хүнсээр элбэг гэжээ. Мөн түшмэд амгалан ч ихэс дээдэст хатуу. Хямрал тэмцэл бий. Халуун хижиг, яр өвчнөөс сэргийлүүштэй. Ард олноо төр нь тэтгэж, түмэн олон нь дор бүрнээ хичээвээс амар амгалан байх боломж бий” хэмээсэн байна.

Цагаан сарын мэндийн шүлэг
Есөн товчтой дээлээ эвхээс амраан өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
Жаран жарны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
Ч.Дагмидмаа

Монгол түмэн минь төрт ёсоо дээдлэн хүндэлж, хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй. Юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, зон олноороо эрүүл энх, саруул сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

USD ₮
УБ 17°C





