
Дэлхийд цуутай баян гэдэг шиг манай гарагийн хамгийн чинээлэг хүн гэвэл Илон Маскийг л хэлнэ. Түүний нийт хөрөнгө 187 тэрбум ам.долларт хүрдэг. Энэхүү нийтлэлээрээ багадаа бусдад дээрэлхүүлж өссөн бяцхан жаал хэрхэн дэлхийн технологийн салбарын хамгийн дуулиантай эрхэм болж, “Tesla”, “SpaceX” компанийн CEO болсон түүхийг өгүүлэх болно.

Илон Маск ээдрээтэй боловч, амжилттай амьдарч яваа хүн
Бусдад байнга дээрэлхүүлдэг байсан хүүхэд “Ivy League” Их сургуульд элсэж, удалгүй алдарт “Tesla”, “SpaceX” компаниа байгуулан, эдгээрээс гадна гурван ч компанийн захирал болсон байна. Тэрээр мөн гурван удаа гэрлэж, гурван ихэр, хоёр ихэр хүүхдийн эцэг болжээ. Саяхан түүний дуучин найз бүсгүй амаржиж, тэд ховорхон содон нэртэй хүүтэй болжээ. Илон Маск бол дуулианы эзэн. Ялангуяа Твиттерт ихээхэн идэвхтэй байдаг тэрээр коронавирусийн хямралын талаар ихээхэн ярьж, энэ цар тахал үнэхээр хор хохиролтой эсэхэд эргэлзэж байгаагаа хэлээд, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлэхийг шаардаж байгаа билээ. Харин өнөөдөр тэрээр дахин нэг оргилд хүрлээ: Түүний нийт хөрөнгийн хэмжээ 187 тэрбум доллар болсноор, тэрээр дэлхий хэмээх энэ гарагийн хамгийн чинээлэг хүн болов.

Тэрээр “SpaceX”, “Tesla” компаниудын CEO, мөн “The Boring” компанийн үүсгэн байгуулагч, “Open A”I, “Neuralink” компаниудын хамтран үүсгэн байгуулагч юм. Ирээдүйг зөгнөсөн, ирээдүйд чиглэсэн ямар л технологи байна, тэр бүгдийг туршиж үздэг хүн гэж түүнийг хэлж болно. Нэг удаа тэр бүр “Бид бүхэн дэлхийгээс холдож, Марс гарагийг колончлох хүртэл миний сэтгэл амрахгүй” гэж хэлж байжээ.

Түүний хувийн амьдрал
Энэ хүн бол жинхэнэ Тони Старк. Учир нь тэрээр сансарын пуужин, цахилгаан машин, нарны эрчим хүч хуримтлуулах баттерей гээд бүх чиглэлд, дэлхий дахиныг манлайлан ажиллаж байна. Гэхдээ түүний амжилтын замнал дардан байгаагүй. Илон Маск 1971 оны 6-р сарын 28-нд Өмнөд Африк улсын Преториад мэндэлсэн, энэ жил 50 нас хүрэх хүн юм. Түүний ээж Мая нь мэргэжлийн хоол хүнс судлаач, бүр “Таймс” сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарч байсан загвар өмсөгч юм. Мая 4 жилийн өмнө буюу 69 настайдаа “CoverGirl” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Илоны эцэг эх 1979 онд салсны дараа 8 настай Илон, эрэгтэй дүү Кимбал нар аавтайгаа амьдрахаар болжээ. “Аавтайгаа амьдрах шийдвэр сайхан санаа байгаагүй” гэж Илон хожим дурсчээ. Ингээд 12 настайдаа буюу 1983 онд Илон “Blastar” нэртэй энгийн хийцтэй тоглоомоо компьютерийн сэтгүүлд 500 доллараар зарж бизнесээ эхэлж байв. Сурагч ахуй цаг нь маш хэцүү байсан бөгөөд дээрэлхүү хүүхдүүдэд зодуулаад бүр эмнэлэгт хүргэгдсэн удаатай. Тэд Илоныг шатаар түлхэж унагаад, ухаан алдтал нь зодсон гэдэг.

Ахлах сургуулиа төгсмөгцөө хоёр дүүтэйгээ хамт Канад руу, ээж рүүгээ нүүж очоод Онтариогийн их сургуульд суралцжээ. Харин төгссөн их сургууль нь Пеннсилваниагийн их сургууль бөгөөд физик, эдийн засгийн зэрэг авчээ. Оюутан байхдаа Илон найзтайгаа хамт 10 өрөөтэй хаус түрээсэлж, шөнийн цэнгээний газар ажиллуулж байсан нь түүний хамгийн анхны энтрепренёрч ажил байсан байна. Төгсмөгцөө Станфорд их сургуульд докторын зэрэг авахаар суралцаж дөнгөж эхэлмэгцээ, технологийн салбарт азаа үзэхээр шийдэж, сургуулиа орхисон юм.

Компани нээгээд, хөгжүүлээд, зарах стратеги
Дүү Кимбалынхаа хамтаар Цахиурын хөндийн хөрөнгө оруулагчдыг татаж, алдартай сонинуудад хотуудын аяллын хөтөч, мэдээллийг нийлүүлдэг Zip2 компаниа байгуулжээ. Энэхүү компаниа 341 сая доллараар үнэлж худалдан, өөрөө 22 сая доллар халаасалж байв. 1999 онд өөрийн 10 сая доллараар “X.com” нэртэй онлайн банк байгуулж, жилийн дараа компаниа өөр нэгэн компанитай нийлүүлсэн нь өнөөдрийн “PayPal” -ийн эхлэл байсан юм. Харамсалтай нь тус компанийн удирдах зөвлөл түүнийг Австрали улс руу аялахаар явсан үед нь халж орхисон байна. Гэхдээ тэрээ “PayPa”l компанийн хамгийн их хувьцааг атгаж байсан тул 165 сая доллартай байжээ.

Сансарын уудмыг эзлэх бизнесийн эхлэл
“PayPal” -ийг “Ebay” худалдаж авахаас ч өмнө Илон дараагийн алхмаа хийхээр шийдсэн байжээ. Энэ том алхам нь Марс буюу Ангараг гараг руу хулгана, эсвэл амьд ургамал илгээх байлаа. Ингээд 2002 онд “PayPal” -ийг зарахдаа олсон 100 сая ам.доллараараа Сансарын уудмыг судлах технологи: “Space Exploration Technologies” буюу “SpaceX” компаниа байгуулжээ. Сансарын аяллыг хямд төсөр болгох зорилготой ажлынхаа хажуугаар тэрээр “Tesla Motors” компаниа 2004 онд мөн л өөрийн хөрөнгөөр буюу 70 сая доллараар санхүүжүүлэн босгожээ. Тэрээр зөвхөн шинэ компани байгуулж, хөгжүүлээд зогсохгүй бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ өөрөө гар бие оролцдог байсан. Тухайлахад 2006 онд зах зээлд танилцуулсан 100% цахилгаан “Roadste”r машин нь түүний бүтээл юм.

Тэгвэл дэлхийн хамгийн чинээлэг эрхэм хэрхэн энэ амжилтад хүрсэн бэ? Яаж шинэ санаа үргэлж ундран гардаг болсон бэ? Илон Маск бага байхаасаа л философи, шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүдийг их уншдаг байсан нь түүний хувийн идеалоги, цаашлаад хүн төрөлхтний ирээдүй хэрхэх тухай төсөөллийг бий болгожээ. Өдөрт 10 цагаар ном уншдаг байсан нь өнөөдрийн Илон Маскийг бүтээсэн байна. Тэрээр хүн төрөлхтний ирээдүйд амин чухал салбаруудад ажиллахаар зориглон гарч ирсэн. Эдгээр нь интернэт, дахин сэргээгдэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрт шилжих, сансрын уудмыг колончлох зэрэг санаанд багтамгүй салбар чиглэлүүд юм. Илон Маск пуужин бүтээх шинжлэх ухааны талаар судлахдаа “Structures: Or Why Things Don’t Fall Down” номоос эхэлжээ. Харин оргүй хоосноос, ямар ч мөнгөгүй боловч бизнес эхлүүлж болно гэдэг урам зоригийг тэрээр “Бенжамин Франклин: Америк маягийн амьдрал” номоос авсан байна. Алберт Эйнштейний түүхийг өгүүлсэн “Эйнштейн: Түүний амьдрал ба Их сургууль” номоос өөрийн байгуулсан компаниудынхаа алсын харааг олж авсан гэдэг. Эйнштейн “Асуулт асууж, сониуч байхаа л алдаж болохгүй, энэ бол чухал”, “Алдаа гаргаж байгаагүй хүн хэзээ ч шинэ юм хийж үзээгүй байж таарна” гэсэн үгнүүд нь Илонд урам зориг, алсын хараа өгч байжээ. Харин түүний өөр гарагт шилжин суурьших тухай агуу мөрөөдөл, төлөвлөгөө нь Исак Асимов гэх зохиолчийн “Foundation” гэх номоос эхлэлтэй гэнэ. Энэ номоос Илон хүн төрөлхтөний соёл иргэншил байнга эргэх тойрогт оршдог болохыг ойлгосон байна. Тэрээр сүүлийн 4.5 тэрбум жилд анх удаа хүн төрөлхтөний өмнө дэлхий гэх гарагаас давж амьдрах боломжийг нээх “цонх” үе ирсэн гэж ярьдаг.

Илон Маск бизнес эрхлэгчдэд юу гэж зөвлөдөг вэ?
- Өвдөхөд бэлэн бай
“Хүн бүр компани нээж, бизнес эхлүүлэх боломжгүй. Олон жилийн өмнө би бизнес эрхэлж, өөрөө өөртөө ажиллаж эхлэхдээ, ямар их зовлон, хүнд бэрхшээлийг туулахаа мэдээгүй, үүнд бэлтгэлгүй байсан. Үнэндээ би амжилтанд хүрснээсээ илүү олон удаа бүтэлгүйтэж байсан юм шүү дээ”.
- Жижигхэн зүйлд цагаа үрэх хэрэггүй
“Таны бүтээгдэхүүн үйлчилгээ өрсөлдөгчийнхөөс чинь жаахан илүү, жижигхэн зүйлээрээ ялгардаг уу? Жижигхэн зүйлд цагаа бүү үр. Та бараа бүтээгдэхүүнээ бусдаас арай дээр биш бүр агуу, гайхамшигтай л байлгах ёстой”.
- Шүүмжлэлийн араас хөөцөлд
“Үнэхээр ул суурьтай шүүмжлэл миний хувьд алт шиг үнэтэй. Иймд хэн шүүмжлэл хэлэхийг сайн анхаар. Ялангуяа найзуудынхаа хэлэх шүүмжийг сонс. Тэд юу буруу байгааг аль хэдийн мэдсэн байдаг ч зүгээр л чамайг гомдоохгүйн тулд үгээ залгисан байдаг. Шүүмжлэлээс юуг яаж сайжруулах ёстойг мэдэж болдог".

Эх сурвалж:
https://www.businessinsider.com/the-rise-of-elon-musk-2016-7#elon-musk-was-born-on-june-28-1971-in-pretoria-south-africa-1
USD ₮
УБ 9°C





