
Хүн төрөлхтөн “Ковид-19” цар тахалтай нүүр тулан танилцаад аль хэдийн 1 жил гаруйн хугацааг үджээ. Энэ хугацаанд дэлхий даяараа хэдэн сая хүн вирусийн халдвараар өвчилж, амь насаа алдав. Монгол улсын хувьд ч хэдхэн сарын өмнө дотооддоо алдан, халдварын голомтуудыг хумиж, тархалтыг зогсоохоор хичээцгээж байна. Цөөхөн Монголчуудын хувьд цар тахал бол аюулын харанга бөгөөд нэг ч гэсэн хүнийг халдвараас сэргийлэх, өвчилсөн хүн бүрийг эдгээж босгох нь чухал. Эрүүл мэндийн салбарынхан, эрдэмтэд маань цаг наргүй ажиллаж, шинэ төрлийн коронавирусийн өвчлөлтэй тэмцсээр.

Тун саяхан нэгэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдаж эхэлсэн нь Монгол эрдэмтэд шинэ төрлийн Коронавирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг бүтээжээ. Тодруулбал ШУА -ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн хамт олон вирусийн халдварыг илрүүлэх “Фермент холбоот эсрэг биеийн урвалын оношлуур” бүтээх төсөлт ажлыг санаачлан хэрэгжүүлээд байна. Оношлуур бүтээх ажлыг ХӨСҮТ, МУИС, ЭМЯ -ны дэмжлэгтэйгээр хийсэн бөгөөд эхний хувилбарыг 3 сарын хугацаанд буюу 2020 оны 8-р сард гарган авсан юм. Энэхүү төсөлт ажилд академич Ц.Оюунсүрэнгээр ахлуулсан нийт 12 эрдэмтэн, судлаач хамрагдан ажилласан байна.

ШУА -ийн Биологийн хүрээлэнгийн Молекул Биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, Доктор Д.Гантулга
“Өвчилсөн хүний биед эсрэг биет үүссэнийг оношлуулаар тогтоочихвол үнэтэй вакциныг заавал тариулах шаардлагагүй болно гэсэн үг”

Оношлуур бүтээх ажлын явцын талаар мэдээлэл хүргэхгүй юу?
Бид оношлуурын мэдрэг ба өвөрмөц шинж чанарыг судлан тогтоох, цаашид эмнэлэгийн практикт найдвартай ашиглах нөхцөл бүрдүүлэхийн тулд уг вирусээр өвдөөд эдгэсэн хүний ийлдэсний дээж материал ба жишиг хяналтын нийт 200 сорьцонд шинжилгээ хийж, нэмж сайжруулах зэрэг судалгааны ажлуудыг хийж дууссан. Яг одоогийн байдлаар манайд орж ирэн хэрэглэгдэж байгаа БНХАУ -ын ижил төрлийн оношлууртай харьцуулан шинжилсэн судалгааны ажлуудаа хийж дуусгаад, үр дүнг нь нэгтгээд байж байна. Үүнийгээ Эрүүл Мэндийн Яамны Сайдын дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөл гэж байдаг юм, тэр зөвлөлд хүлээлгэн өгсөн. Тэндээс хянан, магадлаж явуулсны дараа практикт нэвтрүүлэх ажилдаа орно.
Эрдэмтдийн бүтээсэн энэхүү оношлуурын гол ач холбогдолын талаар та дурьдахгүй юу?
Бидний гарган авсан энэ оношлуур нь хүний биед SARS-CoV2 вирусийн халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлэх тул олон талын ач холбогдолтой. Тухайлбал, “Ковид-19” өвчлөлийн эмчилгээний үр дүнг хянах, вирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг тогтоох, эмнэлэгийн ажилтнууд, эрсдэлт бүлгийн хүмүүс вирусийн эсрэг дархлаатай эсэхийг хянах, вакцины дараах дархлаа тогтоцыг илрүүлэх, вирусийн эсрэг дархлаатай хүнийг тотоон, заавал тусгаарлалтанд оруулахгүй хянаж болох, цар тахлын тархалтыг судлах, урьдчилан сэргийлэх гэх мэт эерэг үр дүнгүүд хүлээж байгаа. Хамгийн чухал нь БНХАУ -аас орж ирж байгаа 1 сая 700,000 - 1 сая 900.000 төгрөгийн өртөгтэй оношлуурыг бид 400-500 мянган төгрөгөнд багтаан үйлдвэрлэх учраас хөрөнгө мөнгөний тал дээр асар их хэмнэлттэй гэсэн үг. Мөн биед нь эсрэг биет үүссэн нь оношлуураар тогтоогдсон хүнд бид заавал үнэтэй вакцин авч тарих шаардлагагүй болно гэсэн үг.

Оношлуур бүтээх үйл явцын санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Энэ төслийн эхний шатанд Шинжлэх ухаан технологийн сан 9.5 сая, ШУА 6,5 сая төгрөг тус бүр шийдэж өгснөөр төлөвлөсөн ажлууд бүрэн хийгдсэн. Хоёр дахь шатны туршилт судалгаанд шаардлагатай 180 сая төгрөгийн санхүүжилт нь өнгөрсөн 9-р сард шийдэгдэн, ШУТСангаас 10-р сард 162 сая төгрөг гаргуулан авч судалгаанд шаардлагатай нэмэлт багаж, тоног төхөөрөмж, урвалжийн захиалгыг хийн аваад байна.
Хэрэглээ талдаа ямар онцлогтой вэ?
Энэхүү оношлуур нь хэргэлэхэд хялбар, аль ч зэрэглэлийн лабораторид ашиглаж болох давуу талтай учраас зөвхөн ХӨСҮТ бус, бусад холбогдох лаборатори болон манай орны эрүүл мэндийн салбарын нэгж бүрт одоо байгаа "Фермент холбоот эсрэг биеийн урвал" -ын унших машиныг ашиглан оношилгоо хийх бүрэн боломжтой. Гол шинжилгээгээ цуснаас авна.
Оюуны өмчийн бүртгэлээр баталгаажуулах ажил хийгдсэн хийсэн?
Оюуны өмчөөр баталгаажуулаад гаргачихсан байгаа. Гэхдээ энэ ажил нь 3-н сар хүлээгддэг юм байна. Хугацаа нь бол энэ 3-р сарын эхээр дуусч байгаа учраас бидэнд гэрчилгээ гаргаж өгөх л үлдээд байна. Шинжлэх ухааны академийн инновацийн хэлтсийнхэн туслан ажиллаж, оношлуурыг олон улсын түвшинд хэрэглэх боломжтой гэж үзсэн. Учир нь хүний генийн тодорхой хэсгийг сонгож аваад хийж байгаа онцлог нь өөрөө давтагдашгүй гэж дүгнэж байгаа. Тиймээс уг вирусийн халдварын тархалт, дэлхий дахины байдал зэргийг харгалзан, цаашид манай эрдэмтдийн гаргасан оношлуурыг цаг алдалгүй олноор үйлдвэрлэж, эмнэлэгийн практикт яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна.
Баярлалаа, амжилт хүсье.
USD ₮
УБ -10°C





